Дархан хотын уугуул, УИХ-ын гишүүн асан М.Чимэдцэрэнгийн нэрэмжит “Чингис мастер кросс” 23 дахь уралдаан Найрамдал талбайд өнөөдөр/2023.03.18/ нээлтээ хийлээ.
Энэхүү уралдаанд Монголын мастер кросс ангиллын нийт 63 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорихоор хүрэлцэн ирсэн байна.
Тэмцээн 7 гараатай, хэсгийн 4, хагас шигшээ 2, финалын нэг гараанаас шилдгүүд тодорно.
Уралдааны Ерөнхий ивээн тэтгэгчээр Чингис Шар айраг ХХК 23 дахь жилдээ ажиллаж байна.
Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Авто Мастеруудын Холбоо -MAF Official, хамтран зохион байгуулагчаар Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Залуучууд театр, Захирагчийн ажлын алба, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Дархан хотын тохижилт үйлчилгээний газар зэрэг төрийн байгууллагууд ажиллаж байна.
Мөн өнгөрсөн жилээс Дархан хотын 89.5 радоигоор мэргэжлийн тайлбартайгаар хүргэж эхэлсэн нь уралдаан илүү сонирхолтой болсон.
Радио долгионоо автомашиндаа тааруулж үзэх боломж олгож буй 89.5 радиогийн хамт олонд талархал илэрхийлье.
Уралдааны үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нээлттэй худалдаа хийх боломжтой. Гэхдээ чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс, хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэхэд хяналт тавих юм.
Ийнхүү жил бүрийн гуравдугаар сард тогтмол зохиож хэвшсэн “Чингис мастер кросс” авто уралдаан нээлтээ хийж Тамирчны алдар дуугаар түрлэг өргөн уралдааны талбай руу хөдөллөө.
Үзэгчид төдийгүй тамирчид тэсэн ядан хүлээдэг тус уралдааны зам үзэгчдэд өрсөлдөөнийг бүрэн харах боломж олгохоос гадна тамирчдын хувьд огцом өгсүүр, огцом уруу, гүн жалга руу харайж орох, гүн жалгаас дүүлж гарах гэсэн техникийн хурд, хүч, тамирчдын ур чадварын өрсөлдөөнөөс гадна шоу үзүүлбэр ихтэйгээрээ бусад кроссоос онцлогтой билээ.
“Чингис мастер кросс-2023” уралдааны шилдгүүд өнөөдөр орой тодрох бөгөөд нийт шагналын сан 20 сая төгрөг аж.