ИНЭЭД, ТАВТАЙ МОРИЛ !
2023-04-13
Дарханчууд маань өчигдрөөс эхлэн инээцгээж байна. “Инээд алтнаас ч илүү үнэтэй” гэсэн эртний мэргэн үг бий. Хот даяараа инээж байгаагийн шалтгаан нь аймгийн музейд нээгдсэн шог зургийн үзэсгэлэн. Дээр нь нэмэрлээд Монголын хамаг л алдартай олон шог зураачид Бурхантын хөндийд ирж десант буулгалаа. Яах ч аргагүй Дархан тэр аяараа л инээлээ, ойрд ингэж инээж хөгжөөгүй юм байна шүү, бид ер нь…
Шог зургийн үзэсгэлэн ирж гарна гэдэг их ховор завшаан. Тэр бүр ингэж ирээд байдаггүй, үнэ цэнэтэй 120 шог зураг дэлгэн тавьсан энэ үзэсгэлэнг Монголын шог зураачдын “ШОГЧ БИЙР” холбооноос, Хүний эрхийн Эмнeсти Интернешнл байгууллагатай хамтран авчирлаа. Аймгийн Соёл урлагийн газар, музей, Урчуудын эвлэл ч их баяртай хүлээж авч идэвхийлэн тосож авлаа.
Энэ ажлыг бүтээхэд сэтгэл гарган зүтгэсэн Дарханы маань нэгэн эрхэм дүү байна аа, тэр бол шог зураач, зохиолч Дашнямын Мянганзам…Мянганзамыг Дарханыхан зурсан шог зургууд, алиа хошин яриа хөөрөөгөөр нь дэндүү сайн мэднэ, дүү л энэ гоё үзэсгэлэнг авчирахаар анх санаачилж зүтгэлээ, их баярлалаа дүү дээ, Гэгээн үйлс бүхэн чинь улам дэгжих болтугай!
Бид энэ удаа шог зургуудыг үзээд инээхээс гадна бас бодож эргэцүүлнэ, учир нь энэ үзэсгэлэн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн сэдэвтэй. Бидний эрх ер нь юу болж байна вэ, зүгээр үү, асуудалтай юу?… Сургуулиуд хүүхэд, оюутнуудаа авч ирж энэ үзэсгэлэнг бүр сайн үзээсэй, тэдэнд маань их хэрэгтэй дээ…
Үзэсгэлэн 7 хоног гарна, амжаарай…
Дэлхийн хүмүүс ярьдаг нэг үг бий, “Инээд бол орчуулгагүйгээр “Тавтай морил” гэсэн үг”. Тун ч онож хэлсэн үг шүү…
Найзууд аа, одоохон гараад хотынхоо музей рүү очицгоо…
Ө.Рагчаасүрэн. Бурхантын хөндийн хотоосоо
# Сэдвүүд
Үйл явдал