Монголын Эмнести Интернэшнл, Монголын шог зураачдын “Шогч бийр” холбоо хамтран зохион байгуулдаг “Хүний эрх, эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэн нь 2023.04.10-16-ныг дуустал Дархан-Уул аймгийн Музейд 7 хоногийн турш дэлгэгдэж нийт-487 үзэгч сонирхон үзсэн байна. Үүнээс насанд хүрэгч- 128, хүүхэд- 359.
2023.04.07-ны өдөр ” Хүний эрх, эрх чөлөө ” шог зургийн үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурал, 2023.04.10-ны өдөр тус үзэсгэлэнгийн нээлтийг Дархан-Уул аймгийн Музейд тус тус амжилттай зохион байгуулсан юм. Нээлтийг МУСТА, МЗЭ-ийн гишүүн, “Утга зохиолын төлөө” хүндэт шагналт, шог зохиолч, шог зураач, Монголын шог зураачдын “ШОГЧ БИЙР” холбооны гишүүн Д.Мянганзам хөтлөн явуулав.
Нээлтэд Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, аймгийн Музейн Захирал Д.Жамбалдорж, аймгийн Зураач Урдуудын Эвлэлийн тэргүүн Н.Хишигбаатар, Монголын Эмнести интернэшнл байгууллагын удирдах зөвлөлийн дарга С.Ганчимэг, Монголын шог зураачдын “ШОГЧ БИЙР” холбооны тэргүүн, Урлаг судлалын ухааны доктор, профессор, МУБИС-ийн Дүрслэх урлагийн технологийн сургуулийн дизайны багш М.Моломжамц, МУСГЗ, шог зураач, ТВ-5 телевизийн “ШИДЭТ ХАРАНДАА” контент хөгжүүлэгч А.Бат-Эрдэнэ, МУСГЗ, Үндэсний цахим өв академийн тэргүүн, МУ-ын Тэргүүлэх сэхээтэн, профессор, гитарчин, шог зураач Ж.Төмөрхуяг, МЗЭ-ийн гишүүн зохиолч, яруу найрагч, ая зохиогч, судлаач, “Морин хуур-33” хөгжмийн наадмын Тэргүүн байрны шагналт, Тоншуул сэтгүүлийн утга зохиолын ажилтнаар ажиллаж байсан Тал бичээч Д.Жаргалсайхан, Монголын шог зургийн ноён оргилуудын нэг шог зураач МУСТА Л.Өлзийбат, “Тусгай салаа, “Хэцүү анги” зэрэг олон ангит кинонуудын зохиолч, шог зохиолч, шог зураач МУСТА А.Амарсайхан нарын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцлоо.
Үзэсгэлэнд Ардын зураач Ц.Байды, СГЗ С.Цогтбаяр, А.Бат-Эрдэнэ, Ж.Төмөрхуяг, СТА Л.Өлзийбат, М.Амархүү, А.Амарсайхан, С.Болд, Д.Цогт, М.Моломжамц, Д.Хуягт, Д.Мянганзам нарын 19 шог зураачийн 123 бүтээлийг дэлгэлээ.
Иргэний эрх зөрчигдсөнийг олон хэлбэрээр нийгэмд харуулж болдог бөгөөд түүний нэг нь зураг юм. Тэр дундаа шог зургаар егөөдөж болж буй болон болсон үйл явдлын алдаа, дутагдлыг уран сэтгэмжээр илэрхийлэн гаргаж цаашид давтахгүй байх тал дээр сануулга өгдөг нь шог зургийн нэгэн ач холбогдол билээ.
Монголын Эмнести интернэшнл байгууллагын үйл ажиллагааны нэг гол чиглэл нь хүний эрхийн боловсролын сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил аж. Энэхүү үзэсгэлэнгийн санааг анх хүний эрхэд ээлтэй сургууль хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа олсон гэж тус байгууллагын удирдах зөвлөлийн дарга С.Ганчимэг онцолж байлаа.