Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг Дархан хотын номын баяр- ХҮҮХЭД БҮР УНШИГЧ урианд дор эхлүүллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга П.Баярсайхан, Соёл урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, Төв номын сангийн захирал Б.Цэцэгсүрэн, Хүүхдийн номын ордоны захирал Л.Мөнхбаатар нар оролцов.
Энэ удаагийн номын баярын зохион байгуулалтад Дархан сумын ЗДТГ, Соёл урлагийн газар, Их дээд сургуулиуд, ЕБС, Соёлын байгууллагууд болон Интер номын дэлгүүр, All in one, Дархан номын түрээс худалдаа, Дархан сумын Ахмадын хороо, багийн дэргэдэх зөвлөлүүд зэрэг төр, хувийн хэвшлийн нийт 19 байгууллагын 83 хүн оролцлоо.
Номын баярыг үзэж сонирхохоор СӨБ-ын байгууллагын 200 гаруй, ЕБС-ийн 320 орчим хүүхэд, иргэд олон нийт, оюутан залуучуудын төлөөлөл 120 орчим хүмүүс хүрэлцэн ирлээ.
Мөн номын баярын үеэр Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль, Аймгийн Засаг даргын шагналуудаар 5 хүн шагнуулж, Шилдэг уншигч- тэргүүний ангиар 5 анги, 3 уншигч тус тус шалгарч Д.Нацагдорж тэмдэг гардан авав.
Төв номын сангаас номын баярыг угтан уулзалт, уралдаан тэмцээнүүдийг зарласан ба “Судар-Эрдэнэ” богино өгүүллэгийн уралдаан, Англи номын орчуулгын уралдаануудад 153 оролцогч оролцож, шалгарсан хүүхдүүд шагналаа гардан авлаа.
Энэ удаагийн номын баяраар Дархан сумын алслагдсан баг болох 15, Малчин багийн төвүүдэд Номын сан, сургалт мэдээллийн төв хамтран байгуулахаар төлөвлөж энэ хүрээнд номын хандивын аяныг өрнүүллээ. Хандивын аянд Аймгийн ЗДТГ-ын хамт олноос 147 боть ном, Соёл урлагийн газар -38 боть ном, аймгийн Сувилахуйн алба -138 боть ном, XX зууны хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, зохиолч О.Цэндийн үр хүүхдүүдээс – 50 боть ном, Дархан сумын ИТХ-аас 20 боть ном болон бусад анги хамт олон, ахмадуудаас 100 гаруй боть ном цуглаад байна.
Үндэсний бичиг соёл, номын өдрүүд энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба нийт төлөвлөгөөнд туссан хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэх, бүх нийтийн уншлагыг дэмжих зорилгоор уншигч, зохиолчдын уулзалт, номын өдөрлөг, яруу найргийн үдэш, хүүхэд, залуучууд, иргэдэд зориулсан соёлын 28 ажил зохион байгуулагдана.
Дашрамд мэдээлэхэд: Анх 1950 оноос “Хуучин номын худалдаа”, 1955 оноос “Хүүхдийн номын зах”, 1990 оноос ”Номын баяр”, “Номын үзэсгэлэн’, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр”, 2022 оноос Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” хэмээн өргөжин хүрээгээ тэлж номыг бүтээдэг, дээдлэн хүндэлдэг, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг БАЯР болон өргөжсөн байна.