“Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлах тухай” 264 дүгээр тогтоолын үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль”-ийг зохион байгуулахаар тусгасан билээ. Мөн
Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 1.2.-т: Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, хөтөлбөрт: Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болгох, дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор “Нүүдэлчдийн соёл, спортын их наадам”-ыг эх орондоо тогтмол зохион байгуулж байх,
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт: “Соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр олон улсын арга хэмжээг зохион байгуулна”, “Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлнэ”,
Соёлын яамны стратегийн төлөвлөгөөний 9-д: “Соёлын бодлого ба үйл ажиллагааг бүс нутгийн болон олон улсын хэмжээнд идэвхжүүлж, олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ.” гэж тус тус тусгасан байна.
Дээрх бодлогын баримт бичигт туссан арга хэмжээний хүрээнд тус наадмыг 2023 оны 08 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Нүүдлийн соёл иргэншилтэй орнуудын соёлыг сурталчлах, Соёлын биет бус өвийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, хүртээмжтэй, мөн чанараар нь хүргэх, жуулчдад үндэсний өв соёл, нүүдлийн ахуйдаа суралцах, бахархах үзэл төлөвшүүлж, соёлын дархлааг нь дэмжих зорилготой тус наадамд 21 аймаг, нийслэл оролцохоос гадна бусад улс орноос ирж оролцох юм.