Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэнгийн 34 дэх удаагийн номын баярыг тохиолдуулан “Чихтэй шувууны садан” шинэ номын нээлт өнөөдөр боллоо. Аймгийн төв номын санд болсон тус номын нээлтэд сэтгүүлч, багш, зураач, уран дархан, зохиолч, найрагч, эмч, тариаланч, инженер, хуульч гээд олон хүмүүс уригдан иржээ.
Номын садан нөхдийн төлөөллийг хөрөг нийтлэл хэлбэрээр бичсэн бөгөөд номд орсон хүмүүсийн мөн чанар, ажил мэргэжил, зан төлөвийн талаар энгийнээр хүргэхийг зорьжээ.
Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ номын нээлтэд оролцож хэлсэн үгэндээ: Цаашид цуврал болгон нийтлэх саналыг зохиолчид уламжилж, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллийг оруулах, зураач, урчууд, гэрэл зургийн холбоотой хамтран илүү баяжуулж бүтээх боломжтойг дурдлаа.
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс эхлэн эрдэм ном, оюун ухааны бэлгэдэл хэмээн нэгэн жигүүртэн шувууг эрхэмлэн дээдэлсээр ирсэн уламжлалтай. Энэ шувууны нүд нь хурц соргог харж, толгой нь бүтэн эргэж орчин тойрноо нэг бүрчлэн бүрэн шинжиж чаддаг. Өөр бусад жигүүртэнд байдаггүй өдөн хоёр чихтэй энэ шувууны өдийг хүмүүс гэр орондоо өлгөдөг заншилтай
Ойрхноос жишээ авч ярихад монголчуудын үзэх дуртай Оросын төв телевизийн тун сонирхолтой “Что, Где, Когда?” танин мэдэхүйн уралдаант нэвтрүүлгийн хойморт энэ шувууг байнга суулгадаг. Нэвтрүүлгийн сүлдэнд нь ч мөн залаатай байдаг хэмээн “Чихтэй шувууны садан” номын зохиолч сэтгүүлч, МУСГЗ Ө.Рагчаасүрэн онцолж байна.
Орчин цагт ном унших хүүхэд, залуус ховордож гар утас, телевизор үзэж дэлгэцэд донтох тохиолдол нэмэгдэж байна. Тиймээс номд дуртай болгох, ном уншиж сурах дадалд сургах нь ахмад үеийн төлөөлөл бидний үүрэг бөгөөд түүнд дурлуулахын тулд аливаа нэг сэдэвт баригдаж бүтээлээ туурвих бус биднээс юу хүсэн хүлээж буйг мэдэрч бичих нь чухал гэдгийг ч дурдаж байлаа. Тэр ч утгаараа 2021 онд хүүхэд, багачуудад зориулан амьтдын тухай өгүүлэх “Уутан хацарт” тууж нь уншигчдын хүртээл болсон.
Сэтгүүлч, МУСГЗ Ө.Рагчаасүрэнгийн найм дахь бүтээл бөгөөд анх 2012 “Пикассо ирлээ” номоо хэвлүүлж уншигчдад хүргэж байсан бол номд дуртай, номыг дээдэлдэг ард түмэндээ зориулан намар цагийн номын баярыг тохиолдуулан ийнхүү хөрөг, нийтлэлийн “Чихтэй шувууны садан” номоо өргөн барилаа.