Бунхант булшны энэ жилийн малтлага дуусаж иргэдэд нээлттэй үзүүлэв
2023-08-08

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгаас Сяньби улсын бунхант булш олдож сүүлийн гурван жил малтлага, судалгааны ажил хийгдэж байна.

Уг судалгааг МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Түүх, археологийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангай ахлагчтай судалгааны багийнхан хийж байгаа бөгөөд энэ жилийн тухайд ажлаа зургаадугаар сарын сүүлийн долоо хоногоос эхэлж өнөөдөр дуусаж байна.

Монголын түүхэнд Сяньби гэх улс байсан гэж тэмдэглэгдэн үлдсэн ч түүнийг гэрчлэх бодит зүйл олдоогүй, судлаач, археологичид эргэлзэх тохиолдол ч гарч байсан удаатай аж. Харин 2007 онд Орхон аймгийн нутгаас олдсон булш нь Сяньбигийн үед хамаарсан, Монголын анхны төрт улс Хүннү гүрний үргэлжлэл болсон Сяньби нь Монголынх гэдгийг нотлох маш том баримт болж чаджээ.

Жил бүр тодорхой хугацаанд малтлага хийгддэг бөгөөд энэ жилийн судалгааны зардлыг аймгийн засаг даргын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр хийсэн аж. Мөн ирэх жилийн малтлага, судалгааны ажлын зардлыг орон нутгаас төсвөөс шийдвэрлэх талаар аймгийн ИТХ-ын С.Насанбат судалгааны багийнхантай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Тухайн хэсгийг бүрэн судалж, малтлага хийж дуусаагүй бөгөөд ирэх жилүүдийнхээ судалгааны төлөвлөгөөнд тусгасан гэж багийн ахлагч Т.Идэрхангай мэдэгдэж байлаа. Түүхийн томоохон гэрч, малтлага судалгааны ажилд тулгуурлан Соёлын яам, орон нутгийн засаг захиргаа хамтран аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх маш том боломж бий гэдгийг ч онцолж байна.

Дархан, Сэлэнгийн бүс нутагт уг бунхант булштай ижил төстэй түүхийн сурвалж байдаг ч илэрч, судалгаа хийгдсэн нь ховор. Цаашид урин дулааны цагт дотоод, гадаадын жуулчдыг татах, түүхээ бодитоор харуулах ховор боломж бүрдсэн тул “Түүхэн аялал жуулчлал” хөгжүүлэх нь маш зөв алхам болно гэдгийг судалгааны багийнхан хэлж байна.

Тиймээс дээрх чиглэлээр төсөл хэрэгжүүлж Монгол Улсын түүхэнд байсан Сяньбигийн үеийн дурсгалыг түшиглэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож дэлхийн судлаачдын анхаарлыг нааш нь хандуулж, жуулчдыг татах ажлыг системтэйгээр зохион байгуулах боломжтой тул орон нутгийн удирдлагууд системтэйгээр гүйцэтгэх шаардлагатайг онцлов.

Ингэхдээ малтлага судалгаанд тулгуурлан дурсгалт газар дээр хээрийн ил музей байгуулж зарим олдворыг эх хувиар нь, нар салхи, усанд амархан уг чанараа алдах олдворыг аймгийн музейд хадгалж А хувилбарыг байрлуулах зэрэг олон арга зам байдаг ажээ.

Түүхийн олдвор бүхэн улсын нийслэлд нэг газарт хадгалагдах бус тухайн орон нутагтаа зориулалтын дагуу хадгалах, дээр дурдсантай адил аялал жуулчлалыг хөгжүүлж Монголыг дэлхийд сурталчлах боломжийг анхан шатнаасаа эхлээд харьяа яам, засгийн газрын түвшин хэрэгжүүлдэг болох нь чухал аж.

# Сэдвүүд
СББӨ
Үйл явдал