ДАРХАН ХОТЫН ХҮҮХДҮҮД УНШИХ ДУРТАЙ
2023-10-12
Намрын налгар сайхан өдөр Дархан хотын Хүүхдийн Номын Ордны урилгаар уулзалт хийхээр ирлээ. Дарга нь манай Л.Мөнхбаатар/ МЗЭ-ийн шагналт яруу найрагч/ шүү дээ. Өөдлөх айл үүднээсээ, гэрэл гийсэн үүдэндээ, гэгээ татуулсан залуус тосон авлаа.
Уулзалт эхэллээ.
Баяр хөөр дүүрэн хүүхдүүдийн дунд миний номын баатрууд сууж байна. Оюунцэцэг түүчээтэй номын санч дүү нар маань сүүлийн үед гарсан номуудыг маань хүүхдүүдэд уншуулж байгаад энэхүү уузалтыг зохион байгуулж байгаа юм. Тийм болохоор л уншигчид маань зохиолын баатруудын дүрд ийн хувилсан ажээ.
Уншигч зохиолч хоёр хэдийнээ эчнээ танил болсон тул уулзалт маань сайхан өрнөлөө. Ном уншсан хүүхдүүдийн харцнаас баяр гэрэлтэж, асуулт, сэтгэгдлээс нь ухаарал түгнэ…
Номын өргөөнийхөн үдээс хойш зарим сургуулийн номын санчид, бага ангийн багш нартай уулзууллаа. Хүүхдийг номд дуртай болгох талаар сэтгэл бодлоо нээсэн халуун дулаан ярилцлага өрнөв.
Уулзалт өндөрлөх цагаар хүүхдүүд нэмж ирсээр Номын ордны үүдэнд чөлөөт ярилцлага болж хувирав. 4 дүгээр ангийнхан гэнэ. Охид хөвгүүд тоос татуулсаар хүрч ирлээ. “Яагаад та нар хоцорчихов?” гэвэл нэлээд нүүрэмгий байрын борхүү “Бид уг нь уулзалтад орох гээд таны номыг уншсан. Даанч ангиас 10 хүүхэд л оролцож байгаа юм. Тэгээд ямар ч байсан тантай уулзъя гээд хүрээд ирлээ” гэж байна. Сүүлдээ бүр олуулаа болж авлаа. Задгай сайхан ч ярилаа. Ер би л Улаанбаатараас тэдэнтэй уулзах гэж зорьж ирсэн “хүүхэд” болж хувирав. Нэлээд “зүйл” ч заалгаад авлаа. Хүүхдүүд ийм л гайхалтай хүмүүс.
Дархан хотын Хүүхдийн Номын ордныхондоо, Уншигч хүүхдүүд Та нартаа маш их баярлалаа.
Бурхантын хөндий. Дархан хотоос О.Сундуй
# Сэдвүүд
Соёл гэгээрэл
Үйл явдал