Найрамдлаар овоглосон хамгийн сайхан хотын иргэн танд Дархан хот байгуулагдсаны 62 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Ая. Д.Лувсаншарав /МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин /
Үг. Д.Пүрэвдорж /МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт/
Дархан-Уул аймгийн сүлд дуу “Хамгийн сайхан хот”
Үүлэн хээ шиг цэнхэр хөндийд
Үүрийн цагаан цолмон гялбаж
Үйлдвэр уурхайн яндан хүжлэх
Үлгэрийн сайхан хот байдаг юм.
Орд харш нь өдөржин ургаж
Одод гадаа нъ шөнөжин хотолж
Өргөн саруул хаяа нъ тэлсэн
Өглөөн сайхан хот байдаг юм.
Ханийн сайн найрсан цуглаж
Хамтран бүтээж амьдран суусан
Хаврын нуур шиг жаргал дэлгэр
Хамгийн сайхан хот байдаг юм.
Ахан дүүсийн өлзийт гараар
Анхны чулууг нь өргөн тавъсан
Нарлаг Монголын энэ хотыг
Найрамдлын Дархан гэдэг юм.
/Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001.05.09-ны 47-р тогтоолоор Дархан-Уул аймгийн сүлд дуу болгов./