“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид “Шидэт модны үр” хүүхдийн жүжгээ тайзнаа тавьж өнөөдрөөс /2022.09.19/ хүүхэд багачууддаа толилуулж эхэллээ.
Жилийн 4 улирал ээлжлэн солигдоход байгаль дэлхийн амьд бие организм, үр үндэстэй бүхэн хэрхэн урган төлжиж бас унан мөхөж, үргэддэгийг хүүхдийн оюун санаанд тохируулан жүжигчилсэн тоглолтоор харуулахаас гадна бодит байдлыг зургаар үзүүлж харьцуулалт хийгээд эргэцүүллийг хамтад нь үзүүлжээ.
Жүжгийн гол санаа нь тэр бум мод-тив дэлхий цэнгэг агаар гэсэн ерөнхий уриалгыг дэвшүүлсэн бөгөөд хүүхэд бүхэн 5 мод тарьж ургуулан ногоон хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалжээ.
“Шидэт модны үр” хүүхдийн жүжггээр дамжуулан хүүхэд багачуудад сонирхолтой, хүртээмжтэй байдлаар экологийн боловсрол олгохыг зорьсон байна. Хүүхдүүд ч жүжгээ эхнээс нь дуустал шимтэн үзэж байгаль дэлхийгээ хайрлах, мод тарих, ургуулахын ач тусыг ойлгож үлдсэн гэж ярилаа.
Залуучууд театрын танхим ийнхүү бяцхан үзэгчидийн сэтгэл хөдлөл, баяр бахдал,инээд хөөр, нижгэнэсэн алга ташилтаар дүүрэн байна. Өнөөдөр ЕБ-ын 9 дүгээр сургуулийн бага ангийн сурагчид хүрэлцэн ирж жүжгээ үзсэн юм.