Дархан хотын 62 жилийн ой, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 63 дахь өдрүүдийн хүрээнд УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Б.Жавхлангийн урилгаар ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын мэргэжлийн урлагийн байгууллагууд, уран бүтээлчдийн “НАЙРАМДАЛ” тоглолт Дархан хотноо 2023 оны 10 дугаар 24-ний өдрийн 15:00 цагт Залуучууд театрт боллоо.
Тоглолтын эхэнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан талархал илэрхийлж мэндчилгээ дэвшүүллээ.
Тус тоглолтод:
Бүгд Найрамдах Буриад улсын Үндэсний дуу, бүжгийн “Байкал” театр
ЗХУ-ын Ардын жүжигчин Г.Цыдынжаповын нэрэмжит Бүгд Найрамдах Буриад улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театр
Орчин үеийн бүжгийн “Харах мэлмийн өнцөг” театр,
“Забава” ардын хөгжим, бүжгийн театр,
Буриадын Улсын циркийн сургуулийн уран бүтээлчид болон ЗХУ-ын Ардын жүжигчин Галина Шойдогбаева, ОХУ-ны Ардын жүжигчин Дарима Линховоин, Бүгд Найрамдах Буриад улсын Ардын жүжигчид болох Бадма-Ханда Аюшеева, Ардын жүжигчин Намхайн Мунхзул, Ардын жүжигчин Лия Балданова, Ардын жүжигчин Булыт Раднаев, Гавьяат жүжигчин Чингис Раднаев, Гавьяат жүжигчин Мэдэгма Доржиева, ОХУ-ын Гавьяат жүжигчин Билигма Ринчинова, Самбуугийн Батчимэг, Жамсо Бамбагаев зэрэг нийт 110 гаруй уран бүтээлчид оролцсон юм.
Тэд хамаг монгол ахан дүүс бид хил хязгаар тусгаар хэдий ч, соёл урлаг, зүрх сэтгэлээрээ нэгдэн нэгэн дээвэр дор баяртайгаар чууллаа хэмээн онцлож өргөн олноороо цуглаж халуун дотноор хүлээн авсан Дарханчууддаа талархал илэрхийлсэн юм.