“Хархорум” олон улсын кино наадамд Дархан-Уул аймгийн кино уран бүтээлчдийн төлөөлөл оролцож туршлага хуваалцлаа
2023-12-13
Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ хамтран “ХАРХОРУМ” олон улсын кино наадмыг 2023 оны 12 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Дархан-Уул Аймаг нь “Кинонд ээлтэй хот” болох зорилт дэвшүүлэн Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ. Санамж бичгийн хүрээнд Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар болон орон нутагт ажиллаж буй кино уран бүтээлчдийн төлөөлөл дээрх олон улсын кино наадмын нээлт, Залуу киночдод зориулсан “Кино бүтээл туурвихдаа хүний эрхийг зөрчихгүй байх нь” “Кино наадамд кино бүтээлийг бэлдэх нь” цуврал сургалтууд, “Кино ба хүний эрх” форум, шагнал гардуулах ёслолд оролцлоо.
Мөн энэ үеэр толилуулсан 15 улсын 22 кино, наадмын уралдаант хэсгийн 9 орны 14 кино болох дэлхийн томоохон кино наадмуудын шагналт, тэр дундаа “Оскар”, Венеци, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын шагналт уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг үзэж танилцан туршлага хуваалцсан юм.
Тус олон улсын кино наадам нь Монголын кино бүтээл болон киноны уран бүтээлчдийг дэлхийд таниулах, сурталчлах, чадавхжуулах, кино урлагаар дамжуулан Монгол улсын эдийн засагт орох хөрөнгө оруулалтыг дэмжиж, мэргэжлийн кино урлаг болон бизнесийн олон улсын түвшинд хүрч ажиллах зорилготой юм.
# Сэдвүүд
Соёлын бүтээлч сар