УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлангийн санаачлага, дэмжлэгээр “Эрүүл, идэвхтэй, оролцоотой амьдрал” хөтөлбөр Дархан-Уул аймагт 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан Соёлын биет бус өвийн Өвлөн уламжлагчдын наадамд болон спортын тэмцээн, эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцсон оролцогчдын шагналыг өнөөдөр/2023.12.24/ Залуучууд театрт гардууллаа.
Шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан оролцож ахмадуудад баяр хүргэж талархал илэрхийлсэн юм.
СББӨ-ийн өвлөн уламжлагчдын наадамд Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдаас 120 гаруй ахмад настны төлөөлөл оролцож Дэмбээ наадаан, Бий биелэгээ, Ардын дуу, Багийн төрлөөр авьяас билгээ сорьсон юм.
Тус Өвлөн уламжлагчдын наадмыг Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв, Соёл, урлагийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгууллаа.
Тус наадам нь ахмад настны хөгжлийг дэмжих, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэх бөгөөд угсаатны уламжлал, ахуйн соёл, өвөрмөц төрх, аж амьралын онцлогоос үүсч хөгжсөн биет бус өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сэргээх, өвлөн уламжлагчдыг нээн тодруулах, алдаршуулах, залгамж бий болгох, олон нийтэд сурталчлах, тэдний гоо зүйн мэдлэгийг хөгжүүлэх зорилготой юм.