Nepko Kids хэвлэлийн газар нь Оксфордын Их сургуулийн уншлагын хөтөлбөрийг Монголд нутагшуулж, хүүхдийг номонд дурлуулах, ном унших хэвшилтэй болгох, унших чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн “1000 ном уншлагын хөтөлбөр”-ийг санаачлан 3-18 нас хүртэл унших 1000 номын агуулгыг боловсруулаад байна.
Тус төслийн баг /2024.04.04/-ны өдөр Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Соёл, урлагийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Төв номын сан, Хүүхдийн номын ордны удирдлагууд болон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨББ, ЕБС-ийн удирдлага, номын санчидтай уулзалт хийн төслийн талаарх танилцуулгыг өглөө.
PISA олон улсын шалгалтын үнэлгээгээр 10 дугаар ангийн сурагчдын унших ойлгох чадвар 5 дугаар ангийн сурагчдын түвшинтэй харьцуулахад хангалтгүй гэж дүгнэгдсэн бөгөөд судалгаагаар сургалтын хөтөлбөрт ном унших, номтой нөхөрлөх дадлыг бий болгох зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.
Иймээс хүүхдийг номонд дуртай болгох, зөв иргэн байх төлөвшүүлэх зорилгоор “1000 ном уншлагын хөтөлбөр”-ийн төслийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.