Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, өвлөн уламжлагчид аа
Өнөөдөр бид нэгэн түүх бүтээж Монгол Угсаатан Хэл Хуурчдын Холбооныхоо санаачлагаар анхдугаар чуулганаа амжилттай зохион байгууллаа.
Энэхүү чуулганы үйл ажиллагааг МУ-ын Гадаад харилцааны яам, МУ-ын Соёлын Яам бодлогоор дэмжиж, Соёлын Өвийн Үндэсний Төв хамтран зохион байгуулж, Түмэн эх чуулга, Монголын Үндэсний Соёл, Амралтын хүрээлэн дэмжин ажилласан бол ивээн тэтгэгчээр “Хүрэл өв” урлан, EV brand, ундаа, усны худалдаа эрхлэгч “Гоё санаа” ХХК-ийн “Дааяо” ундаа, Үндэсний уламжлалт таван цулын FOOD LAB брэнд, үндэсний ноосны ууган үйлдвэрийн Mongol Textile брэнд, Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр МҮОНРТ, Монголын Сайтын Холбоо нар хамтран ажиллалаа.
Чуулга уулзалтаар хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, судлаач, урлаачдыг бүртгэлжүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхийн зэрэгцээ хэл хуурыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, хэл хуур хөгжмийн үйлдвэрлэл болон тоглолтын стандартыг бий болгох алсын харааг тогтоохыг зорьсон бөгөөд олон сонирхолтой мэдээлэл мэдлэг олгох илтгэлүүд тавигдлаа.
Тодруулбал, СББӨ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмон “Соёлын биет бус өвийг хамгаалах хууль эрх зүйн орчин, бодлого арга хэмжээ” сэдвээр олон чухал мэдээллийг өгсөн бол МУ-ын төрийн туульч, Хэл хуур судлаач, доктор, МУСГЗ Э.Баатаржав “Хэл хуурын гарал үүсэл, далд орон зай” сэдвээр сонирхолтой илтгэлийг тавив.
Түүнчлэн “Олон улс дахь хэл хуурын нэршил ба хэл хуурын ангилал, түүхэн хөгжлийн асуудал” сэдвээр Угсаатан хөгжим судлаач Д.Ганпүрэв, “Эх – хэл хуурын утга холбогдол” сэдвээр Урлаг судлаач, хөөмийч, доктор МУСТА Ч.Баяржаргал, “Хөөмий, хэл хуурын хамсраа ба сургалт -хөгжлийн асуудал” сэдвээр СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн Урлаг судлалын секторын эрхлэгч М.Амаржаргал, “Аман авиан урлаг – хэл хуурын гарал үүсэл” сэдвээр Ерөөл магтаалч, Өвлөн уламжлагч, МУ-ын Гавьяат жүжигчин Г.Явгаан нар илтгэл тавьлаа.
Эдгээр дэмжсэн, оролцсон, үнэтэй санал сэтгэгдлээ илгээсэн, илтгэл тавьсан бүх хүмүүстээ талархаж байгаагаа илэрхийлье.
Бид Чуулганаараа Монгол Угсаатан Хэл Хуурчдын Холбооныхоо хэтийн зорилго, зорилтыг хэлэлцэж, Монголын Хэл хуурчдын Үндэсний наадмыг жил бүр Соёлын яамны бодлогын ажлын хүрээнд зохион байгуулж байх санаачлагыг ажил хэрэг болгох гэх мэт олон чухал асуудлыг хөндлөө.
– 2029 онд хэл хуураа Юнескод бүртгүүлэх зорилго тавих, судлах бэлтгэх ажлыг эхлүүлэх
– Албан бус сургалтын хөтөлбөрт хэл хуурыг оруулах
– Одоогийн боловсруулж байгаа соёлын өвийнн тухай хуульд уялуулах
– Соёлын өвийг үндэсний урлагаар дамжуулж хөгжүүүэх, дэмжих
– Өвлөн уламжлагч нарын хүний нөөцийг бэхжүүлэх, сургах, түгээн дэлгэрүүлэх
– Урлаачаа олон болгох, сургалттай болох
– Аман хуур бус хэл хуур гэж хэлж, хэрэглэж, хэвшүүлэх, занших
– Олон улсын хэл хуурчдын симпиозиум зохион байгуулах
– Цахим хичээл хийгээд байршуулах
– Ардын өвлөн уламжлагч нараа сургалт хийх орчноор хангах, шат шатны төрийн байгууллагуудад хуулиа биелүүлж, дэмжүүлэхэд өөрсдөө хяналттай шаардлага тавьж ажиллах
– Хэл хуурын хэрэглээ бий болгох, хэрэглэгч, сонирхогч нарыг нэмэгдүүлэхэд сурталчлах замаар эдийн засгийн эргэлтэнд оруулах замыг нээх
– Хүүхэндүү, Цэрэндаваа нарын өвлөн уламжлагч нарын төрийн одон медальд тодорхойлох,
– Ардын авьяастнууддаа онцгойлон анхаарал хандуулж дэмжүүлэхийн тулд төр засагтай бодлогоо уялдуулан ажиллах зэрэг онцгой сайхан санал, санаачлагыг бид хэлэлцэж,гаргаж, Холбоо бас хүлээн авлаа.
Холбоо цаашдынхаа үйл ажиллагаанд тусгаж, ажил хэрэг болгон ажиллах зорилгыг тавьж байна.
Түүнчлэн та бүхнээсээ 2024 оны 8 дугаар сард хэл хуурчдыг чадавхжуулах, тэдгээрийг таниулан сурталчилж, өрсөлдөх чадварыг дэмжих чиглэлээр Монгол улсын хэмжээнд шилдэг хэл хуурчдыг шалгаруулах Анхдугаар тэмцээнийг зохион байгуулахад өөрсдийн бололцоотой бүхнээр дэмжиж, оролцохыг хичээнгүйлэн хүсье.
Мөн ирэх 2025 онд Япон улсад зохион байгуулагдах Дэлхийн хэл хуурчдын 10 дугаар фестивальд Монгол Улсынхаа шилдэг хэл хуур тоглооч, урлаач нарыг оролцуулах, 2026 онд Монгол улсад 160 улсын оролцоотой хэл хуурч, урлаач нарын чуулган, олон улсын уралдаан, наамдыг зохион байгуулах чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхээр олон ажил, арга хэмжээг төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж ажиллахад та бүхний минь оролцоо дэмжлэг маш чухал гэдгийг энд онцлон цохон тэмдэглэе.
Ингээд та бүхэндээ дахин талархал илэрхийлж, Монгол Угсаатан Хэл Хуурчдын Холбооноос санаачлан зохион байгуулсан Анхдугаар чуулган өндөрлөж байна.
Та бүхний минь ажил үйлс өөдөө дээшээ, өвлөн уламжлах үйлс нь нарны цацраг мэт түгж, эрүүл энх саруул сайхан байх болтугай.
Та бүхэндээ баярлалаа