Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит оны шилдэг шүлэг шалгаруулах “ГАЛ ӨД” яруу найргийн наадам.
…Молор эрдэнийн туяа
Явдал дунд нь цацарсан
Монголын ард түмэн та
Ярьж байгаа гал аа … /МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Лочингийн Нацагдорж / Гал шүлгээс
Тэртээх 1987 онд хэтийг нь цахиж галыг нь асаасан Найрамдалын ДАРХАН хотын шилдэг шүлэг шалгаруулах “Алтан өд” яруу найргийн наадмыг өдгөө 36 дахь жилийн босгон дээр “ГАЛ ӨД” нэртэйгээр Дархан-Уул аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, МЗЭ ийн Дархан-Уул аймаг дахь салбар, Дархан-Уул аймгийн Хүүхдийн номын ордон, ” Утга зохиолын төлөө П.Бөхбат сан” хамтран амжилттай зохион байгууллаа.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ланзадын Мөнхбаатар “Гал өд” наадмын тэргүүн байрын шагналтнаар шалгарч, дэд байрт МЗЭ-иин шагналт найрагч Н.Төмөртогоо, гутгаар байрт залуу яруу найрагч Ө.Еркеш, дөтгөөр байрт Ц.Ганбаатар, тусгай байрт Т.Банзрагч нар удааллаа.
Монголын зохиолчдын эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбарын бүх гишүүдийн хэлэлцүүлгээр Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит оны шилдэг шүлэг шалгаруулах “Алтан Өд ” яруу найргийн наадмын нэрийг “ГАЛ ӨД” хэмээн өөрчлөн оноосон билээ.
Анхны “Алтан Өд ” найргийн наадмын тэргүүн манлайд шалгарсан “ГАЛ” шүлгийн эзэн, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, манай салбарын анхдагчдын нэгэн Лочингийн Нацагдоржийн “ГАЛ” шүлгийн нэрийг утгын учиг болгон шингээж шүншиглэсэн билээ.
Мэргэн ухаант, сэцэн билигтнүүдийн маань бидэнд өвлүүлэн үлдээсэн найргийн ӨД нь түнэр харанхуйг хурц эргүүлэгт гэрлээрээ эвдэх галт шувуун мэт байтугай.
Номын их авшигийг түгээмэл гэрэлтээн дэлгэрүүлэгч бүхнээ мэхийн ёсолму.




