Монгол улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Соёлын өвийг орон нутагт сурталчлан таниулах ажлын хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс Дархан-Уул аймгийн Дархан хотын музейтэй хамтран монгол өв соёлоо өвлүүлэн үлдээх, хүүхэд залуус хойч үедээ таниулан сурталчлах зорилгын хүрээнд Б.Шаравын алдарт бүтээл болох ”Монголын нэг өдөр” тусгай үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа.
Уг үзэсгэлэнд 1995 онд Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэгдсэн олноо Марзан хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр” зургийн хуулбар бүтээлийг 2024 оны 10-р сарын 02-22 хооронд Дархан-Уул аймгийн Дархан хотын иргэдэд дэглэн үзүүлж байна.
Та бүхэн тус үзэсгэлэнд морилон саатсанаар “Монголын нэг өдөр” бүтээлийн зарим нэг өгүүлэмж, дүр дүрслэлийг орчин үеийн гэрэл зургийн хальсанд хэрхэн буулгасныг 20 орчим гэрэл зураг, бүтээлд нийт хэчнээн тооны дүр дүрслэл багтаасан, түүнээс хэд хэчнээн хүн, мал, адгуус амьтад, угсаатны зүйн эд өлгийн зүйлс, зан үйл зэрэг тоо баримттай танилцах боломжтой.