16 НАСТНУУД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, БАТЛАМЖАА ГАРДАН АВЧ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ
2024-11-25
Дархан-Уул аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Залуучуудын хөгжлийн төв хамтран “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” -ыг өнөөдөр /2024.11.25/ зохион байгуулж, 16 нас хүрсэн 530 хүүхэд иргэний андгай өргөж, тэдний төлөөлөл болсон 30 хүүхэд аймаг орон нутгийн удирдлагуудаас иргэний үнэмлэх, батламжаа гардан авлаа. Аймгийн хэмжээнд энэ жил 1800 гаруй хүүхэд 16 нас хүрч байна.
Иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дарга О.Хүрэлчулуун баяр хүргэн, түүхт өдрийн мэндийг дэвшүүлээд “Монгол Улс туурга тусгаар улс болохоо дэлхий дахинд тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 100 жил болж байна. Та бүхэн өнөөдрөөс хуулийн дагуу эрхээ эдэлж, үүргээ ухамсарладаг насанд хүрсэн иргэн болж байна. Ирээдүйд хүссэн мэргэжлээ эзэмшин эх орон, аймаг орон нутгийнхаа хөгжилд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулах их үйлсэд нь өндөр амжилт хүсье” гэв.
16 настнуудыг төлөөлөн ОИЦ сургуулийн 11-1-р ангийн сурагч Ж.Төрболд, 11-11 ангийн сурагч Э.Эрхсаран нар нар үг хэллээ. Тэд “Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах эрдэм мэдлэгтэй иргэн болцгооё” хэмээн үеийнхэндээ уриалж, Монгол Улсын иргэн гэж дуудуулах эрх чөлөө, тусгаар тогтнолыг олгосон өвөг дээдэстээ талархаж байгаагаа илэрхийллээ.
Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан өсвөр үе, залуучуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой жил бүр тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улс орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал