АНУ-ын Элчин сайдын яамны олон нийттэй харилцах албаны дарга Молик Д.Беркана болон албаны бусад төлөөлөл өнөөдөр /2024.11.20/ аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, Боловсролын газрын дарга Г.Буянтогтох нарын холбогдох албаныхантай Америкийн соёлын төвийн үйл ажиллагааны талаар уулзалт хийв.
Америкийн Соёл Мэдээллийн Төв нь манай аймгаас гадна Увс, Орхон, Дорноговь, Улаанбаатар зэрэг нийт 5 газарт ажилладаг бөгөөд манай аймгийн хувьд Дархан Залуучуудын хөгжлийн төвийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг билээ.
Уулзалтаар МУЗГ-ын 2024 оны 06 дугаар тогтоолоор яамдын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан Залуучуудын хөгжил, оролцооны асуудал нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд харьяалагдаж байгаа тул цаашид тус төвийн үйл ажиллагааг аль газар эрхлэн зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Мөн Америкийн соёлын төвийг түшиглэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, Дарханы хүүхэд залуус, төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, и-спортын танхим байгуулах талаар харилцан ярилцав.