МУЗГ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан заалтын дагуу иргэд, сүм хийдэд хадгалагдаж байгаа баримтат өвийг бүртгэлд хамруулах ажлын хүрээнд Хонгор сумын Эрхэт багийн иргэн Ч.Хишигбалд өвөө Дэндэвийн Товуудоржоос /1875-1968/ өвлөгдөн ирсэн 22 судар бичгийг Хараагийн Дарь эхийн Гэцогдаржайлин хийдийн хамба лам Ж.Мөнхсүх, Д.Баасанжаргал, Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газарын соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн Музейн бүртгэл мэдээллийн санч, эрдэм шинжилгээний ажилтан нарын бүрэлдэхүүнтэйгээр бүртгэн баримтжууллаа.
Д.Товуудорж нь Ардын засгаас өмнө “Богд Хааны ордон”-ны хаалгач хийж байжээ.
Тус бүртгэн баримтжуулалтаар Нар ургах, шингэхийг заасан ном, Хан-Уул, Чингэлтэй уулын сан, Сундуйн судар I,II боть, Бадамхатан ном, Таван одны тахилгын судар, Манааний сан, Газар усны сан, Алтангэрэл судар зэрэг ховор судар бичгүүдийг бүртгэж цаашид судар бичгийг хэрхэн зөв хадгалах талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.