Орон нутагт соёл урлагийн хүртээмж, чанар үйлчилгээг сайжруулах зорилготой улсын хэмжээнд өрнөж буй “Соёлын сэргэлт-2023” аяныг Дархан-Уул аймагт “Кинонд ээлтэй хот” уриан дор зохион байгуулна.
Тус аяны нээлт есдүгээр сарын 23-нд Дархан хотноо болох бөгөөд олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор соёл урлагийн үйл ажиллагаа, хүндэтгэлийн тоглолт, соёл, гэгээрлийн лекц, илтгэл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн болон соёлын биет бус өвийн үзэсгэлэн, номын өдөрлөг, соёлын салбарын алба хаагчдад чиглэсэн чадавхжуулах сургалтуудаар үргэлжлэх аж.
Түүнчлэн хүүхэд багачууд, тэр тусмаа энэ төрлийн мэргэжлийг сонирхдог, цаашид сонгон суралцах хүсэлтэй хүүхэд залууст зориулсан олон талт сургалтууд зохион байгуулагдана. Үүний сацуу Залуучууд театрын танхимд “Дархан-Кино урлаг” үзэсгэлэн дэлгэж, Дархан өргөө кино театрт Кино үдэш зохион байгуулахаар төлөвлөж байна.
Соёлын сэргэлт аянаар дамжуулан иргэд, аж ахуйн нэгж, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон бүх шатны Засаг дарга нарт Соёлын тухай хуулийг сурталчлан хэрэгжилтийг ханган хамтран ажиллахыг уриалж байгаа юм.