Дархан-Уул аймгийн Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан мартагдаж буй өв соёлоо сэргээх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг нэмэгдүүлэх, шавь сургалтыг уламжлал болгох зорилгоор “ӨВ СОЁЛОО ӨВЛӨН УЛАМЖИЛЪЯ” Зүү ороох хатгамлын сургалтыг өнөөдөр /2023.03.17/ эхлүүллээ.
Сургалтад хамрагдах эхний сургуулиар Дархан-Уул аймгийн Ууган сургууль болох 1 дүгээр сургуулийг сонгож тус сургуулийн багш нар сурагчдаас санал авч, зүү ороох хатгамал сурах сонирхолтой сурагчдыг урьдчилан бүртгэжээ.
Сургагч багшаар соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэх гишүүн, Сэтгэмж урлангийн уран хатгамалч, 3 дахь үеийн өвлөн уламжлагч Ж.Батцэцэг, Сэтгэмж урлангийн уран хатгамалч А.Байгаль нар ажиллах юм.
Тус сургалтыг зохион байгуулахад Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа болон тус сумын ЗДТГ, аймгийн Соёл, урлагийн газар дэмжин ажиллаж байна. Тодруулбал: Дархан сумын ЗДТГ-аас хавтага, даалин оёх бэлдэц, утас, зүү зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнээр нь бүрэн хангасан байна.
Бид энэхүү сургалтыг төсөл хэлбэрээр үргэлжлүүлж аймгийн ЕБ-ын бүх сургуулиудад зохион байгуулах төлөвлөгөөтэй гэж зохион байгуулагчид ярьлаа.