“ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ” СЭДЭВТ ШОГ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН 17-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ
2023-04-10
Монголын Эмнести Интернэшнл, Монголын шог зураачдын “Шогч бийр” холбоо хамтран зохион байгуулдаг “Хүний эрх, эрх чөлөө” үзэсгэлэнг өнөөдөр /2023.04.10/ Дархан хотноо аймгийн Музейд нээлтээ хийлээ.
Долоо хоног үргэлжлэх энэхүү үзэсгэлэнг аймгийн Соёл, урлагийн газар, Музей, Зураач, урчуудын эвлэл дэмжин хамтран ажиллаж байна.
Үзэсгэлэнд Ардын зураач Ц.Байды, СГЗ С.Цогтбаяр, А.Бат-Эрдэнэ, Ж.Төмөрхуяг, СТА Л.Өлзийбат, М.Амархүү, А.Амарсайхан, С.Болд, Д.Цогт, М.Моломжамц, Д.Хуягт, Д.Мянганзам нарын 19 шог зураачийн 123 бүтээлийг дэлгэжээ.
Иргэний эрх зөрчигдсөнийг олон хэлбэрээр нийгэмд харуулж болдог бөгөөд түүний нэг нь зураг юм. Тэр дундаа шог зургаар егөөдөж, болж буй болон болсон үйл явдлын алдаа, дутагдлыг уран сэтгэмжээр илэрхийлэн гаргаж цаашид давтахгүй байх тал дээр сануулга өгдөг ажээ.
Монголын Эмнести интернэшнл байгууллагын үйл ажиллагааны нэг гол чиглэл нь хүний эрхийн боловсролын сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил аж. Энэхүү үзэсгэлэнгийн санааг анх хүний эрхэд ээлтэй сургууль хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа олсон гэж тус байгууллагын удирдах зөвлөлийн дарга С.Ганчимэг онцолж байлаа.
Үзэсгэлэнгийн нээлтийг МУСТА, МЗЭ-ийн гишүүн, “Утга зохиолын төлөө” хүндэт шагналт, шог зохиолч, шог зураач, Монголын шог зураачдын “ШОГЧ БИЙР” холбооны гишүүн Д.Мянганзам хөтлөн явуулав.
Нээлтэд аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, Музейн дарга Д.Жамбалдорж, Дарханы Зураач Урчуудын Эвлэлийн тэргүүн Н.Хишигбаатар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Эрдэнэсүх нарын аймгийн удирдлагууд оролцлоо. Харин Улаанбаатар хотоос:
-Монголын Эмнести интернэшнл байгууллагын удирдах зөвлөлийн дарга С.Ганчимэг,
– Монголын шог зураачдын “ШОГЧ БИЙР” холбооны тэргүүн, Урлаг судлалын ухааны доктор, профессор, МУБИС-ийн Дүрслэх урлагийн технологийн сургуулийн дизайны багш М.Моломжамц,
-МУСГЗ, шог зураач, ТВ-5 телевизийн “ШИДЭТ ХАРАНДАА” контент хөгжүүлэгч А.Бат-Эрдэнэ,
-МУСГЗ, Үндэсний цахим өв академийн тэргүүн, МУ-ын Тэргүүлэх сэхээтэн, профессор, гитарчин, шог зураач Ж.Төмөрхуяг,
-МЗЭ-ийн гишүүн зохиолч, яруу найрагч, ая зохиогч, судлаач, “Морин хуур-33” хөгжмийн наадмын Тэргүүн байрны шагналт, Тоншуул сэтгүүлийн утга зохиолын ажилтнаар ажиллаж байсан Тал бичээч Д.Жаргалсайхан,
-Монголын шог зургийн ноён оргилуудын нэг шог зураач МУСТА Л.Өлзийбат,
– “Тусгай салаа, “Хэцүү анги” зэрэг олон ангит кинонуудын зохиолч, шог зохиолч, шог зураач МУСТА А.Амарсайхан нарын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцлоо.
Тэд аймгийн Музейгээс гадна Эмэгтэйчүүдийн ордны Галарейд зочилж Дарханы зураач урчуудын бүтээлийн үзэсгэлэнг мөн үзэж сонирхлоо.
Эрхэм хүндэт Дарханчууд та бүхэн 2023.04.10-04.17-ныг дуустал 7 хоногийн хугацаанд өглөө 08:30 цагаас орой 17:30 цагийн хооронд аймгийн Музейг зорьж үзэсгэлэн үзээрэй.
# Сэдвүүд
үзэсгэлэн
Үйл явдал