УГСААТНЫ БИЙ БИЕЛЭГЭЭНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2023-04-08
Энэ сарын 08-ны өдөр Угсаатан бий төслийн сургалт өндөрлөж суралцагчид тайлан биелэгээг Залуучууд театрын их танхимд зохион байгууллаа.
Соёлын биет бус өв, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ардын бий биелгээний арга барил, биелэх онцлог, зан үйлийн боловсрол олгох зорилгоор “Угсаатан бий” төслийг УИХ-ын гишүүн, ЁЗСХБХ-ны дарга Б.Баттөмөрийн дэмжлэгээр аймгийн Соёл, урлагийн газар эрхлэн зохион байгуулсан юм.
Мэргэжлийн анги болон сонирхогчийн ангиар 15 хоногийн турш тасралтгүй хичээллсэн Шавь сургалтад анх 140 гаруй хүн бүртгүүлсэн бол сургалтын төгсгөлд 72 суралцагч төгслөө. Үүнээс 16 сургагч багш шалгарч, үлдсэн суралцагчид анхан шатны сургалтад амжилттай хамрагдсан батламжийн эзэд болсон юм.
Тус сургалтад хамгийн бага нь 5 настай хоёр суралцагч байсан бол 70 аас дээш насны хоёр ахмад настан байлаа.
Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх энэхүү ажлыг “Монголын язгуур урлагийг өвлөн уламжлагчдын нэгдсэн холбоо” НҮТББ-ын тэргүүн, Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн өвлөн уламжлагч, хамгийн олон шавь сургасан, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч МУУГЗ Гэндэнгийн Баяртай багш удирдан зохион байгуулсан юм.
Бий биелгээ нь олон угсаатны бүлгүүдийн хэл, түүх, уламжлал, заншил, дуу хөгжим, үлгэр, домог, туульс, хувцас өмсгөл, тоглоом наадам зэргийг өргөн утга агуулгаар нь өөртөө цогцлоон багтааж уламжилдаг, тэдний амьдрал, үйл ажиллагааны өвөрмөц ахуй байдал, ёс заншил, уламжлал, сэтгэлгээний онцлогийг биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх бүжгийн урлаг юм гэдгийг тэрээр тайлан тоглолтын үеэр онцлон тэмдэглэж байлаа.
Уламжлалт бүжгийн урлаг бий биелгээг 2009 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотод зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны IV хурлаар ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн тунхагласан юм.
Тайлан биелэгээнд аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, аймгийн ЗДТГ-ын ХШҮХ-ийн дарга П.Баярсайхан, аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн бие төлөөлөгч Х.Отгонбаяр нарын аймгийн удирдлагууд оролцож баяр хүргэлээ.
Мөн үеэр амжилттай суралцаж төгссөн хамгийн өндөр настай хоёр ахмадад аймгийн Ахмадын хөгжлийн төвөөс талархал илэрхийлж төвийнхөө нэрэмжит бэлгийг хадгалуулсан юм.
# Сэдвүүд
Uncategorized