ХААН БУГУЙВЧААРАА ГОЁСОН ДАРХАНЫ ОТОГ
2023-08-28
“Нүүдэлчин” дэлхийн соёлын наадамд Дархан-Уул аймгийн отгийн гадна зохион байгуулалт, тохижилтыг Залуучууд театрын зураач Г.Хашцэцэг хариуцан ажиллалаа.
Дарханчууд зохион байгуулагчдаас өгсөн нэгдсэн төлөвлөлт, зургийн дагуу 4 гэр, 1 асартайгаар тус наадамд оролцсон бөгөөд отгийн гадна талбайд сур элдэх, ноос савж эсгий хийх, утас ээрэх, ааруул ээзгий боловсруулах, гурил тээрэмдэх, үхэр тэрэг, нүүдэл зэрэг монгол ахуйгаа дэглэж үзэгч олонд сурталчлан таниулав.
Отгоо тохижуулахдаа уламжлал шинэчлэлийг хослуулж аж үйлдвэр, дэд бүтэц эрчимтэй хөгжсөн залуу хотын онцлогийг харуулахыг зорьж Дарханы тугаар мэндчилсэн Төмөр хүнээр угтуулж найрамдан эвлэлдэхийн утгыг бэлгэдсэн Хаан бугуйвчаа хоймортоо сүндэрлүүлсэн нь олны талархлыг хүлээсэн юм. “Хаан бугуйвч” бол Дархан хотын эрхэмлэн дээдэлдэг бэлгэ тэмдэг бөгөөд түүнийг хэрэглэх журмыг анх Хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны гишүүдийн 1974 оны 95 дугаар тогтоолоор баталж байсан түүхтэй.
Жич: Дарханы отгийг байгуулахад тусалсан аймгийн ЗДТГ, ДАРХАН ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК ЭКО НООС компани, Дархан Нэхий зэрэг байгууллагууддаа баярлалаа.
# Сэдвүүд
нүүдэлчин
Үйл явдал