Театрын урлагийн шилдэг бүтээл болон уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” олон улсын театрын наадам есдүгээр сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус наадамд Залуучууд театрын жүжигчин Л.Хишигсүрэнгийн найруулга “Шидэт модны үр” хүүхдийн жүжиг таван номинацид өрсөлдөж байна.
Тодруулбал, “Шилдэг зохиолч” номинацид МУСТА Л.Хишигсүрэн, “Шилдэг найруулагч” номинацид МУСТА Л.Хишигсүрэн, “Шилдэг зураач” номинацид Г.Хашцэцэг “Шилдэг туслах дүр” номинацид жүжигчин МУСТА Ч.Дунгаамаа, “Шилдэг гол дүр” номинацид жүжигчин, МУСТА Л.Хишигсүрэн нар өрсөлдөх аж.
Энэ хүрээнд тус театрын уран бүтээлчид өнөөдөр өглөө Улаанбаатар хотыг зорьсон бөгөөд 15.00 цагаас Монголын хүүхдийн ордонд хүүхдийн жүжгээ тоглож байна.
Жүжгээр дамжуулан хүүхэд багачуудын экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийг төлөвшүүлэхийг зорьжээ. Жүжигт мэргэжлийн уран бүтээлч, дугуйлангийн сурагчид нийлсэн 50 гаруй уран бүтээлч оролцож, Залуучууд театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
Жүжгийн Ерөнхий продюсероор Залуучууд театрын дарга, МУСТА А.Болорсүх, зохиолч, найруулагчаар Залуучууд театрын жүжигчин МУСТА, Л.Хишигсүрэн, ерөнхий зураачаар Залуучууд театрын зураач МУСТА, Г.Хашцэцэг, хөгжмийн зохиолч МУСТА, З.Эрдэнэбаяр, Зөвлөх найруулагчаар МУАЖ, Б.Мөнхдорж, бүжиг дэглээч МУСТА, Б.Баярсайхан, дууны найруулагчаар, МУСТА Д.Лхагвасүрэн дуу хөгжмийн багшаар дуучин МУСТА Д.Бибиш нар ажиллажээ.