Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн ням гаргийг “Соёл, урлагийн ажилтны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Дархан-Уул аймгийн соёл урлагийн газраас энэ удаагийн соёлын ажилтны өдрийг спортын бага наадмаар эхлүүллээ.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагчдын дунд зургаан төрөлт спортын тэмцээнийг өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулав. Тэмцээнийг өнгөрсөн жилийн аварга, цомын эзэн “Хөгжмийн багш нарын холбоо” зохион байгууллаа.
Тэмцээнд Соёл, урлагийн газар, Залуучууд театр, Хүүхдийн номын ордон, Төв номын сан, Зураач урчуудын эвлэл, Орхон, Хонгор, Шарын гол сумын соёлын төв, Бүжгийн холбоо, Музей, МСНЭ-ийн салбар зөвлөл, Гэрэл зурагчдын холбоо зэрэг 15 байгууллагын 100 гаруй ажилтан алба хаагч оролцож шилдгүүддээ тодрууллаа.
Тэмцээний зарим төрөл, зохион байгуулалт урд өмнөх жилүүдээс өөрчлөлт орж олон хүн хамрах зорилгоор багийн төрлүүдийг нэмсэн байлаа. Тодруулбал шатрын спорт хасагдаж даам, хөзрийн төрөл нэмэгдсэн. Дээрх хоёр төрөл болон дартсын тэмцээн тус бүр дөрвөн гишүүнтэй тоглохоор тусгасан сонирхолтой болгож байна гэж тэмцээнд оролцогчид онцолж байлаа.
Волейбол, сагсан бөмбөг, дартс, хөзөр, даам, теннис зэрэг зургаан төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр Хонгор сумын соёлын төвийн хамт тэргүүлж цомын эзэн болж ирэх жилийн соёл, урлагийн ажилтны спортын бага наадмыг сумандаа зохион байгуулахаар боллоо.
Удаах байрт Хөгжмийн багш нарын холбоо, Залуучууд театрын баг тамирчид шалгарч энэ жилийн шилдгүүдээр тодорлоо.
Түүнчлэн соёл, урлагийн салбарын нийгмийн хариуцлага, манлайллыг өргөх, ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, ажиллагсдын хөдөлмөр, бүтээлийг тодруулан алдаршуулах зэрэг ажлууд долоо хоног үргэлжлэх аж.
Ташрамд, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын хоёрдахь ням гаригт тэмдэглэн өнгөрүүлж ирсэн уламжлалтай.