Ами, Тами хоёрын “Хөгжилтэй аялал” хүүхэлдэйн кино Дархан хотын тухай өгүүлнэ
2023-09-04

Дархан хотын түүхт 60 жилийн ой 2021 онд болсон. Ойн хүрээнд хийх ажлын нэг нь хотын бэлгэдэл, баатартай болох байсан бөгөөд уг ажил биеллээ оллоо. Тодруулбал “Найрамдлын Дархан” нэрийн товчлол болгож “Нада” бугыг бүтээж Дархан хотын бэлгэдэл болгосон аж.

Орон нутгийн удирдлагууд Монгол контент, Маамуу брэндийн хамт олонтой зөвшилцсөний үндсэн дээр хүүхэлдэйн киногоор дамжуулж хүүхэд багачуудад танин мэдэхүй, Дархан хотын тухай өгүүлэх нэг ангит анимейшн бүтээжээ.

Хүүхэлдэйн кинонд Ами, Тами, Өөдөө гурвын аялал Дархан хотыг чиглэж тэднийг “Нада” буга тосож буйгаар эхэлнэ. Уг бүтээлд Дархан хотын бүтээн байгуулалт, хүүхэд багачуудад зориулсан амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, уул, усны нэршлийн тухай өгүүлж уран бүтээлээр дамжуулан сонирхолтой хэлбэрээр хүүхдүүдэд хүргэхийг зорьжээ.

Хүүхэлдэйн баатар “Нада” буга нь хотын брэнд үүсгэх, Дархан хотоо танилцуулах, гадаад, дотоодын жуулчдад аяллын багц бүтээгдэхүүн гаргах, бэлэг дурсгал зэргээр олон талаар ашиглах боломжтой, оюуны эрхийн өмчтэй бүтээл ажээ.

“Нада” бугын гадаад төрх болон зан байдлын тухайд цовоо, сэргэлэн, нүүрэмгий бөгөөд Дархан-Уул аймгийн бэлгэ тэмдэгтэй малгай өмссөн бол шорт, футболк нь аймгийн далбааг бэлгэдэж дүрсэлсэн байна.

“Нада” бугыг бүтээхдээ Дархан хотын түүхийг судалж эртний түүх, домгийн сурвалжийг үндэслэн гаргажээ. Тодруулбал Дархан хайрхан ууланд эрт дээр үеэс нутаглаж ирсэн халиун бугаар аймгийнхаа бэлгэ тэмдгийг сонгосон аж.

Дархан хотын домогт сайхан халиун буга дурдагддаг бөгөөд түүний илэрхийлэл, баримт нь байгаа Говил уулын бэлд буй 1800 жилийн тэртээх Сяньбигийн үеийн хаад язгууртнуудын бунхант булшнаас 12 салаа эвэртэй халиун бугын яс гарч ирсэн нь түүхийг эрт гэрчилж байна гэж Дархан нутаг Музейн захирал, судлаач, доктор Ж.Жамбалдорж онцолж байлаа.

# Сэдвүүд
Контент
Үйл явдал