Соёлын биет бус өвийг хамгаалахад оролцогч талуудын мэдлэг, ойлголтыг сайжруулах, нэмэгдүүлэх нэн шаардлагатай болсон энэ цаг үед ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүсийн Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төв (CRIHAP)-с “Монгол Улсын соёлын биет бус өвийг хамгаалах чадавхыг бэхжүүлэх, сургагч багш бэлтгэх” 3 жилийн төслийг Соёлын яамтай хамтран хэрэгжүүлэхээр болоод байна.
Энэ хүрээнд “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээний үргэлжлэл болгон зохион байгуулж сургалт нь 2022 онд цувралаар зохион байгуулагдсан “Соёлын боловсролын үндэсний сургагч багш бэлтгэх сургалт”-д музей, номын сан, судалгааны хүрээлэнгээс хамрагдсан 20 сургагч багш, мөн 21 аймгийн Соёл, урлагийн газарт соёлын өвийн асуудал хариуцан ажиллаж буй 21 мэргэжилтэн, нийт 41 мэргэжилтнийг хамруулж байна.
Сургалтаар Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын үндсэн зарчим, суурь ойлголт, хамгаалалтын механизмын талаарх ойлголт, мэдлэгийг өгөх, цаашлаад соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг салбар хоорондын харилцан хамаарал, тогтвортой хөгжлийн баримт бичиг, бодлоготой уялдуулан судлах цогц чадамжийг оролцогчдод өгнө.