“Буй болно” шүлгээр Т.Банзрагч тэргүүн байр эзэллээ
2023-10-18

Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит оны шилдэг шүлэг шалгаруулах “Гал өд” яруу найргийн наадмыг өнгөрсөн бямба гарагт зохион байгуулав. Дархан хотын 62 жилийн ойн хүрээнд болсон уг наадамд 18 яруу найрагч оролцлоо.

Тэднийг дэмжихээр, шүлэг, яруу найраг сонсохоор 220 гаруй үзэгч танхим дүүргэв. “Гал өд” яруу найргийн наадмын дүрмээр нэгдүгээр шатанд оролцсон 18 хүнээс хоёрдугаар шатанд наймгуравдугаар шатанд таван яруу найрагч үлдэж шилдгүүдээ тодруулсан байна.

Хотын баярын хүрээнд зохион байгуулсан уг наадмын тэргүүн байрт яруу найрагч Т.Банзрагч “Буй болно” шүлгээр шалгарчээ. Дэд байрт яруу найрагч Б.Хатанзаяа “Эрх чөлөөний далавч”, гутгаар байрт Д.Энх-Октябрь “Ханьдаа” шүлгээр шалгарсан аж. Харин тусгай байрт Ч.Энхтуяа “Бүсгүй заяа”Д.Баярмаа “Аав минь” шүлгээрээ хурсан олны сонорыг мялааж шагналт байрт шалгарчээ.

Яруу найргийн наадмын шүүгчээр МУСГЗ, сэтгүүлч, зохиолч Б.Норовсамбуу, МУСГЗ Ц.Цэнд, МУСГЗ Н.Хунлиуз, хөтлөгчөөр МУСТА, МЗЭ-ийн гишүүн, шог зохиолч, шог зураач Д.Мянганзам хөтлөн явуулав.

Тус наадмын үеэр Дархан-Уул аймгийн Хүүхдийн номын ордноос хөгжөөн дэмжигч, үзэгчдийн дунд сугалаа явуулж “Гал өд” номын гуравдугаар боть номын дээжийг 27 хүнд, супер шагнал Номын багц сугалааг гурван хүнд бэлэглэжээ.

# Сэдвүүд
соёл
Үйл явдал