“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид “Шидэт модны үр” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд хүүхдийн жүжиг тайзнаа тавьж энэ сарын 19-ний өдрөөс хүүхэд багачууддаа толилуулж эхэлсэн. Өнөөдөр “Шидэт модны үр” хүүхдийн жүжгийн нээлт албан ёсоор боллоо. Жүжгийн Ерөнхий продюсерээр Залуучууд театрын дарга, МУСТА А.Болорсүх, зохиолч, найруулагчаар Залуучууд театрын жүжигчин МУСТА, Л.Хишигсүрэн, ерөнхий зураачаар Залуучууд театрын зураач МУСТА, Г.Хашцэцэг, хөгжмийн зохиолч МУСТА, З.Эрдэнэбаяр, Зөвлөх найруулагчаар МУАЖ, Б.Мөнхдорж, бүжиг дэглээч МУСТА, Б.Баярсайхан, дууны найруулагчаар, МУСТА Д.Лхагвасүрэн дуу хөгжмийн багшаар дуучин МУСТА Д.Бибиш нар ажиллажээ.
Жүжгээр дамжуулан хүүхэд багачуудын экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль дэлхийгээ хайрлах зөв сэтгэлийг төлөвшүүлэхийг зорьжээ. Жүжигт мэргэжлийн уран бүтээлч, дугуйлангийн сурагчид нийлсэн 50 гаруй уран бүтээлч оролцож, Залуучууд театрын нийт хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Жүжгийг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын таван настай 1200 гаруй хүүхэд, ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 8500 гаруй сурагчдад толилуулах аж.
Дархан-Уул аймгийн хэмжээнд арван жилийн хугацаанд 20 сая мод тарих зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд хүүхэд багачууд, оюутан залуучуудад тарьц, суулгац бэлтгэх арга аргачлалыг зааж сургаснаар жилд 100-150 мянган тарьц суулгац бэлтгэх боломжтой гэж тооцоолж байна. Улмаар өөрийн аймаг, орон нутагтаа төдийгүй улсдаа мод, цэцэгт ургамлын тарьц, суулгац бэлтгэгч, нийлүүлэгч аймаг болохоор зорьж байна. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан болон албаны бусад хүмүүс, хүүхэд багачуудын төлөөлөл, жүжгийн уран бүтээлчид оролцлоо.