МУСГЗ Маамуугийн Хунлиузид хүндэтгэл үзүүлэх уулзалт
2023-11-19
Монгол Улсын СГЗ, Дархан хотын “100 эрхэм”-ийн нэг, Зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч Маамуугийн Хунлиуз гуайг энэ өдөр /2023.11.17/ Дархан-Уул аймгийн Музейн зочин хоймортоо урьж түүний бүтээл туурвилын түүх, залуу хойч үедээ захин хэлэх сургаалыг сонсон бүтээлч нэгэн уулзалт болж өндөрлөлөө.
Соёл, Урлагийн салбарын бахархалт түүчээ болсон М.Хунлиуз нь нийтийн дуу 120 гаруй дууны шүлэг, 60 гаруй Бүжгийн ая, хөгжмийн гоцлол зэрэг дан хөгжмийн зохиолууд 30 гаруйг бичиж МҮОН-ийн Радиогийн фондод 60 гаруй дуу хадгалагдаж МҮОНТВ-ийн алтан санд “Нутаг тандаа”, “Уянгын хорвоо”, “Дуундаа жаргаж дуулна би”, “Сэтгэлийн урсгал” кино концертууд, 10 гаруй дууны клип хадгалагдан үзэгч сонсогч түмнийхээ сонорыг мялааж байгаагийн дээр хэд хэдэн ном, CD, цомгуудаа хэвлүүлж үзэгч, уншигч, сонсогчдынхоо хүртээл болгосон юм.
Түүний бүтээл төрийн хүндэтгэлийн дуу болох “Босоо заяатай Монгол” дуу мэндэлснээс хойш 20 гаруй жил болж буй бөгөөд тус дууны хөшөө Дархан хотын төвд сүндэрлэснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. “Босоо заяатай Монгол” дууны хөшөөг Дархан-Уул аймгийн зураач, урчуудын эвлэлийн гишүүн В.Энхболдын загвараар 45 хоногийн хугацаанд В.Энхболд, Д.Энхболд Д.Батмөнх нарын уран барималчид барьж байгуулжээ.
Хөшөөний загварын агуулга нь энгийн ард морин дээр алтан соёмбоо баруун гартаа барьж өөдөө тэмүүлж буйг дүрсэлсэн аж.
# Сэдвүүд
Uncategorized
Музей