Д.Нацагдорж тэмдэгтний болзол хангасан анги хамт олонд батламж гардууллаа
2022-09-25

УИХ-ын даргын ивээл дор жил бүрийн намар, хаврын цагт Үндэсний номын баярыг тэмдэглэдэг уламжлалтай.

Аймгийн хэмжээнд энэ жилийн “Номын баяр-2022” 9 дүгээр сарын 16-25-ны өдрүүдэд боллоо. Номын баярын арав дахь өдрийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо.

Тэрээр номын баяр жилээс жилд өргөжин тэлж, орон нутагт өргөн хүрээнд зохион байгуулж байна. Хамгийн гол нь Дархан хотод болж буй номын баярыг зорьж ирсэн зохиолч, уран бүтээлч, хэвлэлийн компаниуддаа талархал илэрхийлье. Дарханчууд номын баяртаа маш их идэвхтэй оролцож, сонирхсон номоо зохиолчийнх нь гараас худалдан авч оюундаа хөрөнгө оруулалт хийж буйд сэтгэгдэл өндөр байна. Уншдаг ард түмэн хөгждөг, унтдаг ард түмэн мөхдөг гэдэг. Дарханчууд улам илүү хөгжих ард түмэн юм гэдгийг энэ үйл явдлаас харж байна гэв.

Номын баярт УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Т.Аубакир нар оролцсон юм.Тэд аймгийн Төв номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн Б.Анхтуяа багштай 4-5 анги, Од цогцолбор сургуулийн Ц.Бадамцэцэг багштай 7-4 ангийн хамт олон Д.Нацагдорж тэмдэгтний болзол хангасан тул энгэрийн тэмдэг, батламж гардуулж, илүү их уншиж, илүү ихийг мэдэхийг хүсэн ерөөв.

# Сэдвүүд
Номын баяр
Үйл явдал