Соёл, урлагийн ажилтны 29 дэх өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн соёл, урлагийн салбараас төрөн гарсан, одоо Дархан хотод ажиллаж, амьдарч буй гавьяатуудад хүндэтгэл илэрхийллэээ.
Өнөөдрийн байдлаар нийт таван гавьяат цолтон төрөлх хотдоо ажиллаж амьдарч байна. Эдгээр алдартнууддаа соёлын байгууллагын удирдлагууд гэрт нь очиж гэнэтийн бэлэг барьж, хүндэтгэл илэрхийллээ.
Тодруулбал Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Алтанцэцэгт Залуучууд театрын дарга А.Болорсүх, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Д.Дагийсүрэнд Хүүхдийн номын ордны захирал Л.Мөнхбаатар, Монгол Улсын Гавьяат жүжигчин, бүжигчин С.Соёл-Эрдэнэ Төв номын сангийн дарга Б.Цэцэгсүрэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, яруу найрагч М.Хунлиузид Музейн дарга Д.Жамбалдорж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэнд Соёл, Урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ нар хүндэтгэл үзүүллээ. Дархан хотын хөгжил цэцэглэлт, урлаг соёлд үнэтэй хувь нэмэр оруулсан эдгээр гавьяатуудад хүндэтгэл илэрхийлэх үйл ажиллагаанд Залуучууд театрын уран бүтээлчид, хэвлэл, мэдээллийн байгууллагынхан соёлын байгууллагын удирдлагуудтай нийт таван баг болон гэр, гэрт нь очиж дуу, хуур, гэнэтийн бэлэг барьж нэгэн өдрийг хамт өнгөрүүллээ.
Бидний хүндэтгэсэн эрхэм хүмүүн бол Дархан хотод гэр бүлийн хамт мэргэжлийн уран бүтээлчдийн суурь тавигдаж, театр байгуулах үед Соёлын яамны томилолтоор ирсэн МУГЖ, дуучин Г.Алтанцэцэг байлаа. Түүний тухайд урлагт тавь гаруй жил зүтгэсэний 43 жил Дархан хотын Залуучууд театртай холбоотой ажээ. Гавьяаныхаа амралтад суусан ч хүүхэд, багачуудад “Ардынхаа дууг өвлүүлье” дууны дугуйлан хичээллүүлж Монгол өв, соёлыг түгээн дэлгэрүүлж байна.