ОХУ-ын Буриад улсын Зэд аймгийн уран бүтээлчдийн тоглолтыг ирэх сард Дарханд зохион байгуулна
2024-01-25
ОХУ-ын Буриад улсын Зэд аймгийн Соёлын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Дархан хотод ажиллаж байна.
Тэднийг аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзлаа. Уулзалтаар соёлын болон боловсрол, хүүхдийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Энэ хүрээнд 2024 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Зэд аймгийн уран бүтээлчдийн тоглолтыг Дарханчуудад толилуулахаар болов. Мөн хоёр аймгийн хүүхэд багачуудыг зуслан солилцооны хөтөлбөрт хамруулах, буриад хэл соёлын боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг харилцан зохион байгуулах юм.
Дашрамд мэдээлэхэд: ОХУ-ын Буриад улсын Зэд аймаг 26.000 гаруй хүн амтай. 8600 км² (13-р том) газар нутагтай. Өөрийн орны өмнөд хязгаарт байдаг. Баруунаараа Захаамин, хойгуураа Хабаан, зүүнээрээ Сэлэнгэ, Хиагт аймагтай хиллэж, хилийн цаадах Монгол улсын Сэлэнгэ аймагтай хаяалдаг.
Аймгийн нутгаар Зэд гол хөндлөн урсаж, нутгийн дорнод хязгаарт Сэлэнгэ мөрөнд цутгадаг байна.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал