ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭГЭЭР СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР ШАЛГАРЛАА
2024-02-05
Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар нь Монгол Улсын хууль, тогтоомжоор хүлээсэн чиг үүрэг, аймаг, орон нутгийн 2023 онд дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлсэн байдал, Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүн, өгсөн үүрэг даалгавар, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Хүүхэд хамгааллын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, шинэ санал, санаачилга, сайн туршлагаараа тэргүүлж ажилласан хамт олны нэгээр шалгарав.
Аймгийн ИТХ, ЗДТГ-аас баяр хүргэж “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”, 10,0 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэх эрхээр шагналаа. Шагналыг аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Б.Жавхлан нарын аймгийн удирдлагууд гардуулсан юм.
Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар нь 2022 оны 05 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2023 онд байгууллагын жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 14 зорилтын хүрээнд 78 арга хэмжээг төлөвлөн ажиллаж 98.1 хувьтай буюу “Үр дүнд хүрсэн” үзүүлэлттэй тайлагнасан. Мөн жилийн эцсийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд болон аймгийн Засаг дарга нарын 2023 онд хамтран ажиллах гэрээг дунджаар 98%-иар, соёлын салбарт хэрэгжиж буй бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг дунджаар 98.3%-иар тус тус хангуулж ажиллалаа.
Тайлант онд тус аймгийн соёлын салбар нь 161,768 соёл, урлагийн олон талт үйлчилгээг 366,893 хүнд үзүүлж ажилласан байна. Тухайлбал: Залуучууд театр нь нийт 323 удаагийн арга хэмжээг зохион байгуулж 113253 хүнд үйлчилсэн. Үүнээс гадны үзвэр үйлчилгээ, тоглолтыг 236 удаа, театраас дотоодын 87 удаагийн тоглолт, арга хэмжээг зохион байгуулжээ. Мөн аймгийн хэмжээнд номын ордон, номын сангууд нийт 2615 боть номоор фондоо баяжуулсан, Музейн сан хөмрөг 33 дэсийн 40 үзмэрээр нэмэгдсэн, Соёлын байгууллагууд иргэд, гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн 19 төрлийн боловсролын хөтөлбөрийг 250 удаа зохион байгуулж 10818 хүнийг хамруулсан, Нүүдэлчин дэлхийн соёлын наадамд амжилттай оролцож Шилдэг 5 аймгийн нэгээр шалгарсан, Соёлын орон зай, Соёлын сэргэлт, Соёлын бүтээлч сар зэрэг нэгдсэн аянуудаас гадна орон нутагтаа сар бүр соёлын олон талт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан зэрэг амжилтаар аймгийн Тэргүүний төрийн байгууллагуудын нэгээр шалгарлаа.
Үндэсний оюун санааны дархлаа болсон зан заншил, өв уламжлал, соёл урлагаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билиг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулаж ажиллаж буй соёл урлагийн салбарын нийт ажилтан, албан хаагч, уран бүтээлчид, өвлөн уламжлагч та бүхэндээ баяр хүргэе!
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал