Буриад ардын уламжлалт ёс заншлыг сэргээх, сахин хамгаалах, хөгжүүлэхэд чиглэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Дэлхийн Буриад түмний 15 дугаар “Алтаргана-2024” их наадам Булган аймагт 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр эхэллээ.
Энэ үеэр Буриад ардын соёлыг сурталчлах, ардын болон үндсэн гар урлалыг хөгжүүлэх, Угсаатны хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор соёлын болон спортын 20 гаруй нэр төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдах юм.
Тус наадамд Дархан-Уул аймгийн Буриадын холбооны төлөөлөл 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож орчин үеийн буриад дуу, Буриад ардын дуу, Сээр шалгах уламжлал, Эссэ бичлэг, Буриад бөхийн барилдаанаар хурд хүч, авьяас чадвараа сорьж байна.