Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 41 дүгээр тогтоолын дагуу “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрханы бэл” хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт зохион байгуулах гэж байна.
Монгол Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.
Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл болсон соёлын биет болон биет бус өв нь хүн төрөлхтний түүхийн уртад Монголчуудын соёлын дахин давтагдашгүй байдал, байгаль, цаг уур, газарзүйн онцлогтой уялдан үеэс үед өвлөн уламжлагдаж хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсоор байна. Гэсэн хэдий ч соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Ийнхүү олон улсын өмнө хүлээсэн чиг үүрэг, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно” гэж дэвшүүлсний дагуу Монгол Улсын Засгийн газар тогтоол гаргаж,“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг жил бүр зохион байгуулахаар болсон.
Энэ удаагийн фестивальд гадаад,дотоодын нийт 1200 гаруй өвлөн уламжлагч оролцож, Соёлын биет бус өвийн 7 ай савын олон төрөл зүйлийн 780 орчим хөтөлбөрт арга хэмжээ, олон талт үйл ажиллагааг үзэгч олондоо сонирхуулахаар бэлтгэж байна.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нь хүн байгаль хоорондын харилцан шүтэлцээнээс бүрэлдэн тогтсон нүүдлийн ахуй амьдралын хэв маяг, түүнийг даган бий болсон соёлын биет бус өвийг дэлхий дахинд таниулах, түгээн дэлгэрүүлэх, сонирхогч талуудын хүрээг өргөжүүлэх, нүүдлийн соёл иргэншил бүхий орнуудын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, нүүдлийн соёл, соёлын өвийн баялаг байдлыг сурталчлах, үндэсний дархлааг батжуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Эрт галавын үлэг гүрвэл, хүй орчлонгийн анхны төрт улс Хүннүгээс улбаатай түүхийн титэмт нүүдэлчин Монголчуудын үнэт зүйл, уламжлалт соёл, ёс заншлыг илтгэх “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальдаа гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олноороо морилон ирж, үүх түүхээрээ бахархан, дээдлэн уламжилж наадаарай хэмээн Та бүхнийг урин залж байна.