#НҮҮДЭЛЧИН дэлхийн соёлын фестивалийн хүрээнд /2024.08.17/-ны өдөр 21 аймаг, нийслэлийн дунд “ЭТНО” хувцас загварын шоу зохион байгуулагдаж тус шоунд Дархан-Уул аймгийн Залуучууд театрын уран бүтээлч Д.Бибиш, Б.Шүрээ нар Хүннү угсаатны хувцсаар оролцлоо.
Хүннү угсаатны загварын онцлогыг Дархан-Уул аймгийн Залуучууд театрын зураач, МУСТА, “Гэгээн Муза” 2007 наадмын шилдэг зураач, Эмэгтэй зохион бүтээгчдийн олон улсын үзэсгэлэнгийн Алтан медальт Г.Хашцэцэг ийнхүү тайлбарлажээ.
Эрэгтэй: Хүннү гүрний үеийн эрэгтэй хүний гоёлын хувцас бэлэгдэн хүннү дээлний загвар эсгүүрээр даавууг боловсруулан элдсэн арьстай хослуулан тоног товруу төмөр металиар чимэглэн сүрлэг бадрангуй Сайн эрийн Баатарлаг эр зоригт дүрийг шингээн урласан юм.
Эмэгтэй: Хүннү хувцасны хэв шинжийг хадгалан шаргал өнгийг цагаан өнгөтэй хослуулан усны хээ угалзаар чимэглэн уян тансаг ихэмсэг, энэрэнгүй сэтгэлт бүсгүйн дүрийг шингээн урласан юм.