Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Кшиштоф Бойко энэ сарын 22-нд Дархан хотноо ажиллалаа. Тэрээр аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Нийгмийн бодлогын хэлтэс, Соёл, урлагийн газрын удирдлагуудтай албан уулзалт хийж эдийн засаг, соёл, боловсролын чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцов.
Тус аймгийн удирдлагууд Дархан хотод тус улсын өргөмжит консулыг байгуулж түншлэл, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлж ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
Албан уулзалтын дараагаар Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас XIII зуунд Ромын Пап ламын элч Плано де Карпинитэй хамт Монголын Их хаанд бараалхаж байсан Польшийн санваартан Бенедикт Полакийн тухай плакатны түр үзэсгэлэнг Залуучууд театрт дэлгэлээ. Бенедикт Полак нь алдарт Марко Пологоос 25 жилийн өмнө Монголын Их гүрний нийслэлд ирж, Их хаан Гүюгтэй уулзсан Ватиканы элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнд орж явсан Польшийн хувраг аж. Аялагчид Алтан Ордын нутгаар урт зам туулж 1246 оны 7 дугаар сарын 22-нд Хархорин хүрч, улмаар Гүюг хаантай уулзах гэж гурван сар хүлээсэн олон сонирхолтой түүхийг Дарханчуудад танилцууллаа.
Түр үзэсгэлэн 2 хоног үргэлжлэв.