Жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний өдөр тохиодог “Эх хэлний өдөр”-ийг Дархан-Уул аймгийн Соёлын байгууллагууд Оюунлаг хүүхдийн төлөө уриан дор үндэсний хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын оюуны чадамжийг хөгжүүлэх, тэднийг тасралтгүй бүтээлчээр суралцах, төлөвшүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Тухайлбал: Аймгийн төв номын сангаас “ЭХ ХЭЛ” АХА танин мэдэхүйн тэмцээнийг явуулав. Тус тэмцээнд 26 сурагч оролцсноос Од цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Анунгоо тэргүүлж, тус сургуулийн 9 дүгээр ангийн сурагч П.Сарангэрэл удаалсан байна. 4 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч У.Эгиймаа гуравдугаар байрт, 9 сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Амин-Эрдэнэ тусгай байранд шалгарлаа.
Харин аймгийн Хүүхдийн номын ордноос шинэ ном, үндэсний бичгээр хэвлэгдсэн ном сурах бичиг, Хүүхдийн зохиолч, уран бүтээлчдийн гар бичмэл, анхны уран бүтээлийн үзэсгэлэн гаргав. Орхон сумын Соёлын төвөөс зөөврийн номын сангийн үйлчилгээг үзүүлж, Шарын гол сумынхан ЭХ ХЭЛЭЭРЭЭ бахархах, сурталчилах зорилготой Open mic зохион байгууллаа.