“БҮСГҮЙ” УРАН САЙХНЫ КИНОНЫ ЗАРИМ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТЫГ ДАРХАНД ХИЙВ
2024-09-04
Олон сайхан дуугаараа Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон “Хурд” хамтлаг 30 жилийн ойдоо зориулан бүрэн хэмжээний түүхэн уран сайхны киног бүтээж байна. Тус киноны зарим хэсгийн зураг авалтыг Дархан хотноо 2024.08.27 – 09.02-ны өдрүүдэд хийлээ.
“Бүсгүй” уран сайхны киноны зохиолчоор А.Миеэгомбо, Ерөнхий продюсерээр МУГЖ Д.Отгонбаяр, Ерөнхий найруулагчаар Базарсад, 1 дүгээр найруулагчаар Галбадрах нар ажиллаж байна. Кино багийнхан тус киног энэ ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Кино багийнхан Дархан 50 цогцолбор, Төмөр замын 10-р байр, “Хуримын ордон”-ы хойд зам, Холбооны голын 9 давхар байр, “Компорт”-ын хажуу талын 6-р байрны подваль, Үйлдвэрийн раойн, “Буян” захын хажуу талын талбайд, Залуучууд театр зэрэг нийт 8 байрлалд зураг авалт хийсэн юм.
Тус кино зурганд Улаанбаатар хотоос 50 гаруй уран бүтээлчид оролцон тоглосон бол Дарханаас зураг авалтын хугацаанд 200 гаруй иргэд, уран бүтээлчдийн төлөөлөл оролцсон юм.
“Кинонд ээлтэй Дархан” зорилтын хүрээнд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Залуучууд театр болон Улаанбаатар Төмөр зам, ХААИС зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагууд уг киног бүтээхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.
Дашрамд мэдээлэхэд: “Хурд” хамтлаг нь 1993 онд үүсгэн байгуулагдсан. “Эх орон”, “Аавдаа би хайртай”, “Цэргийн бодол” зэрэг олон сайхан уран бүтээлийг туурвисны учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2023 онд Төрийн соёрхол хэмээх төрийн эрхэм цолыг хүртсэн билээ.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал