“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД 2024” – ИЙГ УЛС ОРОН ДАЯАР ТЭМДЭГЛЭНЭ
2024-09-12
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 44 дүгээр тэмдэглэлээр 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил болгон зарласны дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”- ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны 09 дүгээр сарын 13-22-ны өдрүүдэд улс даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлнэ.
Эх хэл, бичиг үсгийн боловсрол нь улс оронд тогтвортой хөгжлийг бий болгож, хувь хүнд хөдөлмөрийн зах зээлд илүү оролцох боломжийг олгож, ядуурлыг бууруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой байдаг.
Тегеранд 1965 оны 9-р сард болсон “Бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах дэлхийн боловсролын сайд нарын бага хурал”-ын зөвлөмжийн дагуу 1966 онд ЮНЕСКО-гоос жил бүрийн 9-р сарын 8-ны өдрийг Олон улсын бичиг үсгийн өдөр болгон зарласан юм. Ийнхүү олон улсын бичиг үсгийн өдөр бол НҮБ-ын тогтолцооны хүрээнд дэлхий даяар ёслон тэмдэглэдэг өдрүүдийн нэг болжээ.
Олон улсын бичиг үсгийн өдрийн гол зорилго нь ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг болох бичиг үсгийн боловсролыг хувь хүн, олон нийт, нийгмийг чадавхижуулах хэрэгсэл болгон хөгжүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг идэвхжүүлэхэд оршдог билээ.
“Олон улсын бичиг үсгийн өдөр”-ийг 2024 онд “Олон хэлний боловсролыг дэмжих нь: “Бичиг үсэг харилцан ойлголцол, энх тайвны төлөө” уриан дор тэмдэглэхээр зарласан.
Монгол Улс бүх нийтийн бичиг үсэг үл мэдэх байдлыг халах, эх хэлний боловсролыг дээшлүүлэх талаар олон талт ажлыг хийж, бичиг үсэг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт амжилт гаргасны учир 1970 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр ЮНЕСКО-гоос алтан медаль, дипломоор шагнагдаж байжээ.
Монгол үндэстэн бичиг үсгийн соёлдоо тохируулан бичиг үсгийн өөрчлөлтийг хийж байсан түүхтэй бөгөөд шинэ үсэг буюу дөрвөлжин, соёмбо, кирил зэргийг монгол бичиг, үсгийн соёлд хамааруулан үздэг. Эдгээр үсгээр монголчуудын нийгэм, хэл, соёлын үнэт дурсгалууд бүтээгдэж түүхэн чухал үүргийг гүйцэтгэсэн билээ.
Иймд үндэсний бичиг соёлын өдрүүдээр монголчуудын оюуны эдгээр үнэт өвийг сурталчлахад төр засгаас анхаарч улсын бодлого шийдвэрүүдэд тусган хэрэгжүүлж ирсэн. Монгол Улс анх 1950 оноос “Хуучин номын худалдаа”, 1955 оноос “Хүүхдийн номын зах”, 1990 оноос ”Номын баяр”, “Номын үзэсгэлэн’, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр”, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2021 онд нэмэлт өөрчлөлт орсноор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” болгон улс орон даяар тэмдэглэж байна.
Соёл,спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” намрын үйл ажиллагааг Боловсролын яам, Засгийн газрын газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газартай хамтран зохион байгуулж, бүх шатны боловсролын байгууллагыг өргөнөөр хамруулж, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүтээлч санал санаачилгыг дэмжин ажиллаж байна.
Үндэсний бичиг соёл, номын өдрүүд нийслэл Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын талбайд 2024 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд 36 дахь “Номын баяр”- аар эхэлж, 21 аймгийн хэмжээнд 09 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд нэг өнгө төрх нэгдмэл агуулгатайгаар зохион байгуулна.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” нь өв соёл, түүхэн уламжлалаа дээдлэн хүндэтгэх, үр хойчдоо монгол эх хэлээрээ зөв ярьж, бичих соёлыг төлөвшүүлэх, үүний төлөө зүтгэж буй бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэх баярын өдөр байх болно.
Эх хэлээ төгс эзэмшсэн монгол хүн бүрийн гэрэлт ирээдүйг бий болгохын төлөө бидэнтэй нэгдээрэй!
ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛОО ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭЕ!
# Сэдвүүд
Uncategorized
Номын баяр
Үйл явдал