“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 44 дүгээр тэмдэглэлээр 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил болгон зарласны дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дархан-Уул аймагт 2024 оны 09 дүгээр сарын 20-ноос 27-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.
Нээлтэд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, Төв номын сангийн захирал Б.Цэцэгсүрэн, Хүүхдийн номын ордны захирал Л.Мөнхбаатар, Шарын гол, Орхон, Хонгор сумын соёлын төвийн төлөөлөлүүд оролцлоо.

Эх хэл, бичиг үсгийн боловсрол нь улс оронд тогтвортой хөгжлийг бий болгож, хувь хүнд хөдөлмөрийн зах зээлд илүү оролцох боломжийг олгож, ядуурлыг бууруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой байдаг.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” нь өв соёл, түүхэн уламжлалаа дээдлэн хүндэтгэх, үр хойчдоо монгол эх хэлээрээ зөв ярьж, бичих соёлыг төлөвшүүлэх, үүний төлөө зүтгэж буй бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэх баярын өдөр юм.