11 дүгээр сарын туршид үргэлжлэх “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон харьяа соёлын байгууллагуудаас давхардсан тоогоор нийт 150 гаруй соёлын ажил, үйлчилгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал:
Дархан Хүүхдийн Номын Ордоны хамт олон Монгол улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог, МЗЭ-ийн гишүүн, зохиолч, яруу найрагч Л.Мөнхбаатар, Хэл шинжлэлийн ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй багш Ж.Эрхэмсайхан нарыг онцлон Эртний түүхт хуйлмал номыг урлан, мянган жилийн буурал түүхтэй монгол бичиг соёлын бүтээлүүдийн үзэсгэлэн, Намтар, уран бүтээлээр сэдэвчилсэн номын үзэсгэлэн, “Чанга уншлага”, Зохиолч, уншигчдын уулзалт, “Найргийн даага” оны шилдэг шүлэг шалгаруулах уралдаан зэрэг соён гэгээрүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Тус ордны аяны нээлтэд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Х.Соёл-Эрдэнэ оролцож сарын туршид номын ордноос зохион байгуулах тусгай хөтөлбөрүүдэд нь амжилт хүслээ.
Энэ жилийн Соёлын бүтээлч сарын онцлог нь соёлын байгууллагууд нь үйл ажиллагааныхаа онцлогт тулгуурлан эрдэмтэн судлаач, алдар гавьяатай хүмүүсээ сурталчлан алдаршуулах, тэдний эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, ур чадвар, ухааныг хойч үе, хүүхэд, залууст сургах, түгээхэд чиглэсэн олон талт хөтөлбөрийг зохион байгуулахад чиглэж байгаа юм.
Өвлөн уламжилж,
Өнөөг түүчээлж,
Ирээдүйг бүтээх аянд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.