#Соёлынбүтээлчсар2024 аяны хүрээнд болон Залуучуудын театрын “Өвөл цагийн үзвэрийн нээлт”-эд зориулсан “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжиг Дарханы хүүхэд багачуудын халуун алга ташилтан дор өнөөдөр /2024.11.16/ нээлтээ нээлээ.
Хүүхдийн зохиолч Н.Мандалын зохиол, Улсын Хүүхэлдэйн театрын найруулагч М.Ариунтуяагийн найруулга “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжгийг Залуучууд театр, Гүүд Нэйборс хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн Олон улсын ТББ хамтран хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, улмаар тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор бүтээсэн юм.
Жүжгийн нээлтэд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Гүүд Нэйборс ОУБ-ын төлөөлөл оролцож урлагаар дамжуулан ирээдүй болсон хүүхэд, багачуудад гоо зүй болон амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг олгож буй шинэлэг төсөл болж буйг онцлож уран бүтээлчдэд амжилт хүслээ.
Жүжгийн нээлтийн үеэр Залуучууд театрын дэргэдэх Шонхоодой ардын циркийн дугуйлангийн авьяаслаг сурагчид урлагийн үзүүлбэр үзүүлж, үзэгч хүүхдүүдийнхээ дунд азтан тодруулав.
Тоглолт энэ сарын 23-ны өдрийг хүртэл өдөр бүр хоёр удаа үзэгчдийн хүртээл болох юм.