#соёлын_бүтээлч_сар2024 аяны хүрээнд Дарханы зураач урчуудын эвлэлээс өнөөдөр /2024.11.16/ “Хөрөг зураг” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
МУСТА, Зураач А.Мөнхзолбоо, МУСТА, Зураач С.Мөнгөнзул, Зураач Г.Сугар, Зураач А.Мөнгөншагай нарын дөрвөн зураач нэгэн зэрэг “Монгол бүсгүй”-н хөрөг зургийг 3 цаг гаруйн хугацаанд зурлаа. Уран бүтээлч бүр өөрийн гараар, ур чадвараараа хүний биеийн өвөрмөц зураг буюу дүрсийг урладаг тул хүний бодит хөрөг зураг нь уран бүтээлчдийн дуртай бүтээл юм хэмээн тэд онцолж байв.
Хөрөг зураг нь дүрслэх урлагийн томоохон салбарын нэг бөгөөд зураачийн дотоод сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, илэрхийлэл зэрэг нь хөрөг зурагт шингэдэг байна. Хөрөг бүтээлд аливаа хүний давтагдашгүй дүр төрх, зан чанар, сэтгэл санаа, онцлог шинжээр нь зогсохгүй түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, нийгэмд эзлэх байр суурийг тодотгон дүрсэлдэг. Тиймдээ ч түүхийн үнэт болохын сацуу, уран бүтээлчийн чанар чансааг тодорхойлох томоохон шалгуур болдог байна.
Өдөрлөгт зургийн дугуйлангийн багш сурагчид оролцож зураачдын бүтээлийг үзэж сонирхлоо.