Музей, төв номын сангийн барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Тус хоёр байгууллага зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүн амд үзүүлэх үйлчилгээ, номын фонд, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтад сөргөөр нөлөөлдөг учир ийнхүү цогцолбор барилгын ажлыг 2021 онд эхлүүлсэн. Улсын төсвийн таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй уг барилга нь 5900 м.кв талбай бүхий гурван давхар, авто машины зогсоолыг бүрэн шийдсэн аж.
Аймгийн музей хуучнаар үйлчилгээний төвийн барилгад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүнд хадгалагдаж буй үзмэр, сан хөмрөгийг бүрэн дэлгэж олон нийтэд ил болгох боломжгүй, агааржуулалтаас эхлээд хүндрэлтэй зүйл олон байдаг аж.
Мөн төв номын сан Залуучууд театрын нэг хэсэгт үйл ажиллагаа явуулдаг, уншлагын нэг танхимтай, аливаа үйл ажиллагаа зохион байгуулах, өдөрт танхимаар үйлчлүүлж буй иргэд тооны хязгаартай, номын фонд, техник тоног төхөөрөмжөөс эхлээд дутагдалтай зүйл байдаг ажээ.
Музей, номын сангийн барилга 2024 онд ашиглалтад орох бөгөөд хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түүх, уран сайхны боловсролыг нь дээшлүүлэх, соёл урлагийг хөгжүүлэх, үндэсний уламжлалт соёлыг өвлүүлэн эзэмшүүлэх соёлын олон талт үйл ажиллагаа явуулах ажээ.
Түүнчлэн орчин цагт музейн чиг хандлага өөрчлөгдөж үзэгчдийн оролцоонд суурилсан, түүх, соёлын тухай мэдлэг, мэдээллийг иргэдэд түгээхдээ төрөл бүрийн арга хэмжээ, бусад соёлын үйл ажиллагаанд бодитоор ба цахим хэлбэрээр оролцон нийгмийн оролцоог хангаж, шинэ үзэгчийг татах шаардлага үүссэн.
Тиймээс музейн дэргэд үзмэрүүдийг судлах, эд өлгийн зүйлстэй холбоотой судалгааны ажлуудыг иргэдэд танилцуулах зэрэг олон талт төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ.