Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар бүлгийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дугаар заалт, 37 дугаар зүйлийн 37.4 дэх заалтыг үндэслэн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд байрлах Түүх, соёлын үл хөдлөх дурсгал Найрамдал өндөрлөг, Лимбэчин хүү, Эх үрсийн элбэрэл, Буга баримал хөшөөг Дархан хотын соёл, амралтын хүрээлэн ОНӨААТҮГ-т гэрээгээр хариуцуулж хамтран ажиллах 3 талт гэрээг байгуулав.
Найрамдал өндөрлөг нь 1985 оны 7 дугаар сарын 15-нд бүтээсэн Найрамдлын бэлэг тэмдэг болсон дурсгалт хөшөө. Дархан хотыг бүтээн байгуулахад оролцсон ах дүү зургаан орныг төлөөлөн тэнгэр өөд тэмүүлэн мандан бадрахыг бэлэгдсэн дөрвөн тулгуур багануудыг хооронд нь эцэс төгсгөлгүйг илтгэх цагирган холбоосоор холбож өгсөн бөгөөд олон шат гишгүүр бүхий өндөрлөг тавцан дээр бат бөх суурин дээр хүндэтгэлтэйгээр байрлуулж өгсөн болно.
Энэ хөшөөнд үндэсний архитектурын өвөрмөц хэлбэр дүрс болон монгол үндэсний хээг ашиглан тусгаж өгсөн нь дахин давтагдашгүйгээр Дархан хотын нэг төрх болсон гэж үздэг юм.
Буга баримал: Дөрвөлжин чулуун суурин дээр ганцаар зогсон байгаа тэмээг дүрслэн бүтээсэн. Тэмээ нь 2 бөхтэй ба толгой дээр бугын эвэр дүрслэн хийсэн. Монгол ардын “Тэмээ буга хоёр” үлгэрээс сэдэвлэн бүтээсэн байна.
1979 онд Политехникумын 40 жилийн ойд зориулж бүтээсэн.
Лимбэчин хүү, Эх үрсийн элбэрэл дурсгал нь 1978-1980 оны бүтээл юм.