Сяньбигийн үеийн бунхант булшны малтлага, судалгааны ажил гурав дахь жилдээ Хонгор сумын нутаг Говил уулын бэлд үргэлжилж байна. Энэ жилийн малтлагыг ажил өнөөдөр дуусгавар болж байгаа бөгөөд өчигдөр буюу наймдугаар сарын нэгний өдөр иргэдэд малтлагаас гарсан олдворыг нээлттэй үзүүллээ.
Тодруулбал, малтлагын үр дүн буюу малтлагаас илэрсэн олдвор, хэрэглэгдэхүүнүүд, анхан шатны бэхжүүлэлт хийж сэргээн засварлах, мөн шавжийн судалгааг хэрхэн хийж буйг аймаг орон нутгийн удирдлагууд, орон нутгийн иргэдэд үзүүлж, эртний түүхийн үнэ цэн, судалгааны ач холбогдол, ирээдүйн үр өгөөжийн талаар танилцууллаа.
Төслийн ахлагч Т.Идэрхангайн тайлбарласнаар: Дурсгалт газрын хөрс нь ихээхэн өвөрмөц бөгөөд тус газрыг Сяньбичүүд маш сайн сонгож оршуулга үйлдсэн нь энэ газар нутагт түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах боломжийг олгож буйгаараа онцгой байна гэв.
Тэрбээр цааш нь бид энэ жил том хэмжээтэй хоёр булшийг сонгон судалсан. Том хэмжээтэй нэг бунхант булш нь эрт үед тоногдсон хэдий ч эртний түүх, тэр дундаа Сяньбичүүдийн түүхэнд урьд өмнө илэрч байгаагүй онцгой өвөрмөц олдворуудтай байна. Харин язгууртны бунхан тоногдоогүй бүтэн байсан хэдий ч язгууртны хоёр авс хоосон байсан нь анхаарал татаж байна. Энэ нь тухайн үеийн түүх соёлыг судлахад онцлог хэрэглэгдэхүүн боллоо.
Уг бунхан нь урд хойноо хоёр хаалгатай. Хойд хаалгаар ороход хоёр язгууртны оршуулгатай, үүдэнд нь зарц бараа бологсод байх магадлалтай босоо болон хагас суугаа байдалтай хоёр хүний бүтэн шарил, дал, дөрвөн өндөр тавьсан байна. Үүдэнд дорго, шувуу зэрэг ан амьтад, бод мал байна.
Малтлагаар олон тооны сонгодог хэлбэрийн шавар ваарууд бүтнээрээ олдсон нь ховор бөгөөд анхны байдлаараа хэвээр байгаа нь ихээхэн онцлогтой юм. Энэхүү бүлэг дурсгал нь Айрагийн гозгорын дурсгалтай гадаад болон дотоод зохион байгуулалтаараа ерөнхийдөө ижил ч зарим талаараа гадаад зохион байгуулалтын хувьд Айрагийн гозгорт байхгүй хэв шинжтэй, өвөрмөц зохион байгуулалттай байна. Зарим булшнууд нь хэмжээний хувьд Айрагийн гозгор дахь булшнуудаас том байгаагаараа онцлог аж.
Энэ оршуулгын дурсгалт газар нь Сяньбичүүдтэй холбоотой Монгол нутгаас илрэн олдоод буй хоёрдох том оршуулгын газар болохоороо түүхэн чухал ач холбогдолтой учир дээрх бүх судалгааг нэгтгэн шинэ бүтээл туурвихад бэлтгэх, олон нийтэд танин мэдэхүйн мэдлэг олгох, баримтад кино хийх, өвөг дээдсийн түүхийг бодит баримтад тулгуурлан дэлхий дахинаа сурталчлан таниулах нь зүйтэй гэв.